Европын сэргээн босголт, хөгжлийн банк 522 сая ам.долларын хөрөнгө оруулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

УИХ-ын дэд дарга С.Баярцогт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, харилцан санал солилцлоо.

Ноён Варел Фрийман, Монгол Улс 2006 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагааны орон болсон. Мөн орны 9 дүгээр сард манай банк өөрийн суурийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээж байсан. Өнгөрсөн хугацаанд 522 сая ам долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг хувийн хэвшлийн компаниудад олгосны зэрэгцээ 45 төслийг уул уурхай, түүний бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агробизнес, ноолуур, жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн байна хэмээн УИХ-ын дэд даргад танилцуулав. Мөн тэрээр Даланзадгад, Сайншанд сумдын усан хангамжийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор 18,3 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийг олгох талаар өмнөх Засгийн газартай ярилцаж байсан. Энэ талаар шинээр бүрэлдсэн Засгийн газар, Эдийн засгийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

2006 оноос хойш Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн буцалтгүй тусламжаар техникийн туслалцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Нийт 37,2 сая ам долларын техникийн туслалцааны хөтөлбөр батлуулснаас өнөөдрийн байдлаар 21,8 сая ам долларыг Монгол Улсын жижиг дунд бизнесийн салбарт зарцуулжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top