Эмнэлэгтэй холбоотой асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Хууль зүйн байнгын хорооны 10 дугаар сарын 10-ны Лхагва гарагийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа.

Дээрх асуудалтай холбоотой мэдээллийг урьдчилан тараасан байсан тул гишүүд шууд төсвийн ерөнхийлөн захирагч нарт асуулт тавьж эхэлсэн юм. Тухайлбал, О.Баасанхүү гишүүн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын төсвийн гүйцэтгэл бүрэн эсэх, нэмж хөрөнгө төсөвлөсөн эсэх, ер нь хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн талаар асуухад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Жаргалсайхан “Төсөв бүрэн гүйцэтгэлтэй байгаа, зөвхөн барилгын материалын үнийн өөрчлөлтөөс үүдсэн зөрүү гарч байгаа” хэмээн хариуллаа.       

Дараа нь Ц.Нямдорж гишүүн “1990 онос хойш 20 гаруй жилийн хугацаанд ганцхан эмнэлэг барьж байхад түүгээр оролдоод байгаагийн учир юу вэ, эмнэлгийн барилга гэдэг агааржуулалтаасаа аваад зориулалт нь өөр шүү дээ” гэж асуулаа. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин "Эмнэлэгтэй холбоотой асуудлаар Засгийн газар албан ёсны ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Байгууллагуудын амбиц, салбар хоорондын үл ойлголцлоос болж улсын төсөвт дарамт учруулан, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй үрэгдэж, Монголд байхгүй тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа бол иргэдэд үйлчлэх орон зай байх ёстой. Зөвхөн төрийн тусгай албан хаагчид үйлчлүүлдэг тансаг зэрэглэлийн эмнэлэг болгох нь буруу. Хамгийн эрсдэлтэй алба эрхэлдэг тусгай албан хаагчдад төрөөс онцгой анхаарах үүрэгтэй ч тэдэнд үзүүлэх үйлчилгээг эрхзүйн бодлогын шинэтгэлийн хүрээнд өргөн утгаар нь, цогц байдлаар шийдэх үр ашигтай хувилбар сонгох нь зүйтэй" хэмээн тайлбарлалаа.  

Энэ асуудлаар О.Баасанхүү гишүүн санал хэлэхдээ “Эмнэлгийн барилга барихаар улсаас нэгэнт төсөвлөчихөөд оффисын зориулалтаар ашиглах хоёрын хооронд том зөрүү гарна. Эсвэл Эрүүл мэндийн яаманд нь өгчих, бүтээн байгуулалтын ажлыг ингэж нурааж болохгүй” гэсэн юм. Харин З.Баянсэлэнгэ гишүүн өөрийнх нь даргалдаг “НББСШУ-ы байнгын хороонд тус эмнэлгээс хүсэлт гомдол ирсэн. Гүйцэтгэл нь 80 хувьтай явж байгаа эмнэлгийн барилгыг өөр зориулалтаар ашиглах асуудлыг мухардлаас гарган шийдэх нь зүйтэй. Ер нь аливаа асуудалд хандахдаа тухайн газрын яг хөрсөн дээр нь байдаг ажилтнуудын санал бодлыг асуухын оронд дээрээс ингэж шийдсэн гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ асуудлаар Ажлын хэсэг гаргаж, анхааралдаа авч ажиллаасай” гэсэн байр суурьтай байлаа.

Мөн С.Эрдэнэ гишүүн ч Ц.Нямдорж гишүүнийг дэмжиж, “Үнэхээр эмнэлэг, түүний дотор төрөх эмнэлгийн асуудал нийгэмд тулгамдаад байгаа тул хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудал маш чухал. Нэгэнт эмнэлгийн зориулалтын барилгын стандартаар баригдаж байгаа юм бол Эрүүл мэндийн яаманд нь шилжүүлчихье. Төрийн тусгай албан хаагчдад зориулсан эмнэлгүүдийг нэгтгээд нэгдсэн том цогцолбор барья. Өнгөрсөн, өнөөдөр хоёроо уялдуулахгүй өнөөдрөөрөө асуудалд хандах нь төдий л оновчтой бус” гэсэн саналтай байв.

Энэ асуудлаар нэлээд удаан ярилцсаны эцэст 2011 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбоотой байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь “Хууль, УИХ-ын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байв. Хууль санаачлагчид нь буцаах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн жагсаалтад байгаа 34 төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдийн саналыг хураахад олонх  нь төслийг дэмжив.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь УИХ-д шинээр сонгогдсон гишүүд харьяалагдсан байнгын хорооныхоо эрхлэх ажлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцдаг уламжлалын дагуу Ажлын хэсгүүд байгуулах асуудал байсан бөгөөд гишүүд салбар салбараар ажлын таван хэсэгт хуваагдахаар болж, ахлагч нараа баталсны дараа хэн нь аль хэсэгт орж ажиллахыг хүсч буй тухай саналаа өөрсдөө өгөхөөр болов.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top