Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-уудын танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал н.Батбаатар нар хийсэн юм.
“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулсан байна. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. “Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.
Танилцуулгыг хийсний дараа гишүүд асуулт асуусан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ 71/29 гэсэн реклам сурталчилгаа явж байгаа. Үүнд энэ хоёр охин компани оролцсон уу. Хувь эзэмшигчийн үүргээр санхүүгийн тайланг авч чаддаг эсэх талаар тодруулахад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал н.Батбаатар “Хувь нийлүүлэгч гадны хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулна. Манай хоёр компани ТУЗ-ийн гишүүдээрээ дамжуулан аливаа асуудалд нээлттэй оролцож байдаг. Оюутолгойн гэрээг буруу хийгдсэн гэж ярьдаг. Бид дөрвөн гэрээ байгуулсан. Үүнийгээ ч олон нийтэд ил тодоор зарлаж, харуулсан. Ер нь бол менежментийн хувьд Оюутолгой компани 100 хувь хариуцдаг. Харин Монголын талаас тавих хяналт нь нухацтай ярих ёстой гэж үзэж байна” гэж тайлбарлалаа. Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэж ярьдаг ч хамгийн гол нь Монголын талаас тавих хяналтыг сайжруулах, ярилцах хэрэгтэй гэдгийг байнгын хорооны ихэнх гишүүд онцолж байв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )