Тамхины хууль гишүүдийг талцуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Үдээс өмнө хуралдах ёстой байсан ч намын бүлгийн хуралдаантай давхацсан улмаас түр хойшлогдоод байсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэгдэн батлагдлаа.

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг өрнүүлж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон юм. Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн удаах хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: “Хууль зөрчин тамхи зарж байгаа иргэдэд бүгдэд нь сая төгрөгний торгууль оногдуулах ёстой” гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Таны яриад байгаа санал чинь хөрсөн дээр хэзээ ч буухгүй зүйл. Тэгээд гудамжинд тамхи зарж байгаа өвөө, эмээ нарыг торгох уу” гэлээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн “Ядуу хүн гэхээрээ хууль зөрчих ёстой юм уу” гэсэн хариулт өгч тус асуудал дээр санал хурааж хуулийн төслөөс иргэн гэсэн үгийг хасч хуулийн этгээд болгон өөрчилж байнгын хороогоор дэмжлээ.

Түүний дараачаар ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ДОХ-ын 113 дахь тохиолдол илрээд байгаа ба энэхүү хуулийн төслийг цаг алдалгүй батлах талаар байнгын хорооны дийлэнх гишүүд санал нэгдэж тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Мөн Нийгмийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байнгын хорооны нийт гишүүдийн саналаар дэмжигдэж УИХ-ын намрын чуулганы хуралдаан дээр гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар тогтов.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top