УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнөөдөр үдээс хойш заналхийлсэн утгатай захидал иржээ. Захидал буцах хаяггүй боловч Төрийн ордны ард байрлах шуудангийн 46-р салбараар дамжуулж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас” хэмээн хаяглаж, ирүүлжээ.
Уг захидалд “Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар өөрийгөө тойруулан буруу мэдээлэл авч далдаганаж байгааг алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа шүү. Тэд чамайг хамгаалж чадахгүй. Тэдний тэнэгтэж, яахаа мэдэхгүй мангартаж байх хооронд бид урьтана. Чиний амьдралыг там болгоно, ах дүү, гэр бүлийн хүмүүсийг чинь толгой дараалан... Энэ бол айлган сүрдүүлэлт биш. Эр хүний хувьд, ганц олдох амьдралаа чамаар тоглуулсныхаа хувьд авч буй өшөө авалт. Чи их өндрөөс унах болно, тэнэг үйлдэл болгоны чинь шанг хүртээнэ. Бид андгайлсан, ээлж ээлжээр, хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Цагийн зүү явж байгаа шүү далдаганасан новш минь. Бид олуулаа, чи ядуу, найз нөхөдгүй. Бидэнд мэдээлэл байна аа. Машинаар явж байгаад л аваар, хоол идээд л хордлого, яг хажууд чинь цаг хараад л алхаж байгаа...” гэх зэргээр бичсэн байна.
Заналхийлсэн захидлыг компьютерээр шивж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь” гэдэг үгийг харин дугтуйн дээр гараар дармалдан бичжээ. Х.Тэмүүжин сайд уг захидал, захидлын гаднах дугтуйны зургийг авч твиттер хуудсандаа байрлуулаад “Дөнгөж л эхэлж байна даа. Ийм утгатай захиа цаашид ч олон ирэх биз. Тэглээ гээд шинэчлэл хийх бодлоосоо буцахгүй л дээ” хэмээн бичсэн боловч одоогоор хэвлэлийнхэнд хандаж ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Дашрамд дуулгахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин маргааш Хууль зүйн салбарт 2013-2014 хийгдэх шинэчлэл болон Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр өнөөдөр зар тараасан юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )