Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас манай улсад суугаа Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн авч уулзлаа.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи энэ хугацаанд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, ирэх оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад байна. Засгийн газар иргэдээ ажилтай, орлоготой болгох, авилга хээл хахуультай тэмцэх, төрийн хүнд суртлыг арилгаж, шударга ёсыг тогтоохын төлөө нээлттэй, тунгалаг ажиллана. Мөн аж үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.
Хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй хийх нь иргэдээ ажилтай, орлоготой болгох үндэс юм. Мөн төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох болон бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт манай улс туршлагаа солилцож хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ ноён Элчин сайд мэдэгдлээ. Үүний тулд ямар салбар чиглэлд Британийн туршлага, мэдлэг чухлыг тодорхойлж мэдэхийг хүсч байгаагаа Элчин сайд хэлж байлаа.
Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил тохионо. Энэхүү ойг хоёр талдаа 2013 оны турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа талаар Элчин сайд товч мэдээлээд ирэх сард Британи Монголын дугуй ширээний ярилцлага Лондон хотноо болно. Энэ үеэр ирэх жил зохион байгуулах ажлууд тодорхой болно гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд гадаад орнуудаас эх орондоо суугаа Элчин сайд нартай ажлын уулзалт хийж, ямар салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож ярилцаж байгаа. Эдгээр уулзалтын дараагаар Монгол Улсын Засгийн газар аль улстай ямар чиглэлд хамтран ажиллах нь тодорхой болно. Үүний дараагаар дахин уулзаж ярилцъя гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )