Н.Алтанхуяг: Ирэх онд инфляцийг найман хувьд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Гишүүдээс санал гарсангүй. 13.00 цаг болж үдийн завсарлага эхэлсэн ч чуулганы хуралдаан ирцгүйн улмаас бүтэн цагаар хойшилж эхэлсэн. Тиймд цайны цагийг хойшлуулахаар УИХ-ын дарга З.Энхболд санал гаргаж, төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов. УИХ-ын хувьд ажлын цаг хуучнаараа 09.00 цагаас эхлэн тооцогдож байгаа юм.

Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр илтгэл тавилаа. Ерөнхий сайд төсвөөр нарийн тоо ярьсангүй, тойм маягаар илтгэлдээ тусгажээ.

Ирэх жилийн төсвийн орлого долоо орчим их наяд төгрөгөөр төлөвлөгдөж байгааг Ерөнхий сайд хэллээ. Төсвийн урсгал зардал 4,8 их наяд орчим төгрөгөөр төлөвлөжээ. Үүнээс улсынх нь гурав орчим их наяд, хүний хөгжлийн зардал 280-аад тэрбум төгрөг байна гэлээ. Инфляциас хамаарсан тохируулгыг Эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хийнэ. Болзошгүй хямралаас урьдчилж сэргийлэх хэрэгтэй гэлээ. Барилгуудад нэгдсэн стандарт, зураг төсөл мөрдөхөөр болжээ.

Хүний хөгжил сангаас өнгөрсөн жилүүдэд хишиг, хувь хавтгайруулж тарааснаас болж 924 тэрбум төгрөгийн өртэй үлджээ. Энэ сангаас цаашдаа зөвхөн хүүхдийн мөнгө олгоно. 240 орчим тэрбум төгрөгийг үүнд зарах юм байна. Хишиг хувиа авч амжаагүй хоцорсон хүмүүс мөнгөө нэхэж байгааг Ерөнхий сайд хэллээ. “Тавантолгой”-гоос нүүрсээ гаргаагүй байхад урьдчилж мөнгө аваад хүний хөгжлийн мөнгөнд зарчихсан. “Эрдэнэт”-ээс мөнгө зээлсэн. Хүний хөгжлийн санд 621 тэрбум төгрөгийн орлого орно. Хүүхдийн мөнгөө өгөөд үлдсэнийг өрөндөө төлөх бололтой. Хоёр, гурван жилд өрөө цайруулах боломж бий гэнэ. Инфляц одоо 13-14 хувьтай байгаа. Үүнийг ирэх жилд найман хувьд барихаар болжээ.

Ерөнхий сайд төсвийн төслийг улайран хамгаалахгүй гэлээ. Мөн буруугаа урагш нь чихэхгүй. Хугацаа шахуу байгаа тул хамтран ажиллая. Төсвийн төлөвлөлтийн аргачлалыг өөрчилье гэсэн саналыг Ерөнхий сайд хэлэв. Ирэх жилээс төсвийг дөрөв, дөрвөн жилээр төлөвлөдөг болно гэлээ. Шинэ төмөр замыг эхэлнэ. Аймгийн төвүүдээ тохижуулах, Замын-Үүд хүртэлх авто замыг дуусгана гэх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төсөвт тусгажээ. Мөн Барилгын зургаар, төсвөөр, тендэрээр мөнгө иддэгийг зогсоохоо амлалаа. Үүний дараа гишүүдийн саналыг сонссоноор үдээс өмнөх чуулган түр завсарлаад иргэн хуралдаж эхэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top