МАН-ын зарим гишүүд жигүүр байгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

“Монгол ньюс” мэдээллийн төвд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн н.Энхбаатар, СБД-ийн МАН-ын 63-р үүрийн гишүүн н.Мөнхбат, Сүхбаатар дүүргийн 65-р үүрийн гишүүн н.Хүрэлбаатар, Сүхбаатар дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН гишүүн н.Нацаг нар хамтран жигүүр байгуулах гэж байгаа тухайгаа мэдээллээ.

Намын дээрх гишүүд нь “Анхан шатны буюу жирийн гишүүдийн шийдвэр дунд шатны удирдлагуудын алдаанаас болж дээд шатанд хангалттай хүрдэггүй. Учир нь анхан шатнаас ирсэн шийдвэрийг дунд шатныхан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд дээд шатны удирдлагад явуулдаг. Мөн дээрээс ирсэн зөв шийдвэрийг өөрсдийхөө эрх ашигт нийцүүлэн жирийн гишүүдэд тайлбарладаг. Иймд дунд шатны алдаа дутагдлыг засч, анхан шатны шийдвэрийг дээд шатанд хүргэх, намын өөрчлөлт шинэчлэлийн үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй явуулах, анхан болон дунд шатны бодлогыг дэмжих үүднээс жигүүр байгуулах болсон. Тухайлбал, өнгөрсөн зуны сонгуульд ард түмэн манай намд дүнгээ өглөө. Уг нь МАН-ын дүрэм, бодлого ард түмэнд сайн нийцдэг. Гэвч дунд шатны алдаатай бодлогоос болж сонгуульд  ялагдлаа” гэв.

Тэд одоогоор жигүүр байгуулах тухай саналаа МАН-ын удирдах зөвлөл, намын дарга, удирдлагууддаа хүргүүлжээ. Жигүүрийн ажлын хэсгийн тэргүүнээр БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн н.Энхбаатар, ажлын хэсгийн ахлагчаар СБД-ийн МАН-ын 63-р үүрийн гишүүн н.Мөнхбат нар тус тус ажиллах гэнэ.

Тэд хэлэхдээ “Биднийг бусад дүүргийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн саналаа ирүүлчихсэн байна. Бид хэн нэг гишүүний хүмүүс биш. Манай намд алдаа бий. Дунд шатны алдааг засах, намаа өөрчлөх шинэчлэх үүднээс жигүүрээ байгуулж байгаа. Жигүүр МАН-ын дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Зарим хүмүүсийн хувьд жигүүр байгуулаад албан тушаалд хүрэх гэж байна гэдэг л дээ. Бидэнд тийм зорилго байхгүй. Түүнчлэн намын дунд шатны алдаатай бодлогоос болж намаасаа гарч МАХН-д элссэн гишүүдээ эргэж нэгдэхийг хүсч байна. Хамтдаа шинэтгэл хийе” гэлээ.

Жигүүр байгуулах тухай саналыг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцээд, бага хурлаар оруулж албан ёсны жигүүр байгуулахыг зөвшөөрдөг байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top