Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулж, тус Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталсан байна.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний Хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ахалж, дэд даргаар УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ажиллахаар байна. Журмын дагуу, Үндэсний хороо нь ажлаа Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн өмнө хариуцахаар байгаа ажээ. Үндэсний хорооны агаарын бохирдлыг бууруулах талаарх салбар дундын бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэнд хяналт тавих, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтэд хяналт тавих, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд шаардагдах хөрөнгийн тооцоо, эх үүсвэрийн асуудлыг уялдуулан зохицуулж санхүүжилтэд хяналт тавих, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөө, хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах зэрэг бүрэн эрхийг хүлээжээ. Үүнээс гадна Үндэсний хорооны дарга, гишүүдийн бүрэн эрх, үндэсний хорооны ажиллах журмыг нарийвчлан гаргаж өгсөн байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2012 оны 10 дугаар сарын 12
Сэтгэгдэл ( 0 )