Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа шийдвэрээр Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон бол өнөөдөр ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, хүлээж авах 11 11 төвийг нээлээ. Нээлтийн тууз хайчлахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм төв нээж байгаа нь Засгийн газрын чихийг онгойлгох гэж байгаа юм гэж онцлон хэлээд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Иргэдийг хүлээж авах байр буюу хуучнаар пропускийн товчоог засаж тохижуулаад орчин үеийн ийм төв байгууллаа. Улс оронд жижиг гэж асуудал байдаггүй. Тиймээс бид тэргэнцэртэй иргэдээ энэ төвөөр үйлчлүүлэх боломж олгож зам зассан гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ тэмдэглээд өөдлөх айл үүднээсээ гэдэг. Иргэддээ төвөг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай үйлчлэх зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар 11 11 төвийг санаачлан байгууллаа гэлээ.
Монгол Улсын аль ч өнцгөөс санал хүсэлт, гомдлоо 11 11 дугаарт залгаж хэлж болно. Гар утаснаасаа 141111 гэсэн дугаарт мессэж бичиж, 1111@gov.mn гэсэн хаяг руу цахим шуудан илгээж болно. Twitter, facebook хаягнаасаа ч хандаж болно. Өөрөө ирээд хэлсэн ч болно. Засгийн газрын чихэнд хүргэх саналаа энэчлэн 10 хэлбэрээр илгээж болох юм.
Иргэн хэнд хандаж ямар санал хэлэв, санал нь яг одоо аль шатанд явна, ямар мэргэжилтэн хариу өгөх гэж байна, хэдий хугацааны дараа саналын хариуг өгч байгаа зэргийг Засгийн газрын тэргүүн болоод холбогдох хүмүүс хянаж байх хяналтын самбарыг тэдний гар утас, IPAD-д суулгаж өгчээ.
Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах Шинэчлэлийн Засгийн газрын 11 11 төв нь өдөр бүр өглөө 08 цагаас үдшийн 20 цаг хүртэл ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )