УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан завсарлаад 15.30 цагт дахин хуралдаж эхэлсэн юм. Төсвийн хэлэлцүүлгийн дараа хэлэлцэх зүйлийн жагсаалтаар “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулсан юм. Түүний дараа тус хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулав.
Ийнхүү гишүүд санал дүгнэлтээ хэлсэн юм. Гишүүн О.Баасанхүү: Бонд босгож олох тэр таван тэрбум ам.доллараа хий хоосон юманд зараад дараа нь бөөн өрөнд орж түүнийхээ хариуд газрын баялгаа барьцаалахгүй гэх газаргүй гэсэн бол сайд Н.Батбаяр: Бид энэ мөнгөө зарцуулах зүйлдээ зарцуулаад алдагдалд орохгүй гэж бодож байна. Бид зөв явах л юм бол болохгүй гэх газаргүй” хэмээлээ.
Гишүүн Тлейхан: “Энэ таван турбум ам.долларын чинь зээл хүүг ямар байхаар тооцсон бэ. Эргэн төлөх хугацаа нь ямар байхав. Үнэт цаас гарснаар дотоодын зээлийн хүү болон инфляци яаж буурах вэ. Энэ их хөрөнгөнд ямар хяналт зохицуулалт, хөшүүрэг байх ёстойг асуулаа. Н.Батбаяр: “Засгийн Газраас бонд гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл авдаг. Хүүгийн хувьд Хөгжлийн банкны бондны хүүнээс доогуур байхаар тооцоолж байгаа. Ер нь дөрөв орчим хувийн хүүтэй байх болно. Төсөвт ямар ч дарамт ирэхгүй. Хамгийн чухал асуудал мэдээж хяналтын систем. Тэр ч утгаараа хамгийн гол хяналт УИХ-д өөр дээр нь байх ёстой.
Гишүүн С.Бямбацогт: “Гадаадын зах зээл дээр бонд гаргах нөхцөл бүрдсэн үү” хэмээн асуусан бол Эдийн засгийн сайд Н.Батбаяр: “Дэлхийн санхүүгийн байгууллагууд таны хэлээр биднээс татгалзах биш бидэнтэй ирж уулзсан. Мөн дэлхийн санхүүгийн байгууллагууд биднээс зугтах биш харин ч хошуурч байгаа шүү. Бусад орнуудын хувьд ч манайтай хамтран бонд гаргахдаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа" гэлээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )