Ой модонд болон зочид буудалд тамхи татахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн дараачийн хуулийн төсөл бол Тамхины хяналтын тухай хуулийн төсөл байлаа. Байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулснаар гишүүд санал дүгнэлтээ хэлсэн юм.

Гэвч МАН-ын ихэнх гишүүд картаа сугалан гарч одсоноос болж тамхины хяналтын тухай хуулийн төслийг гацаахад хүргэлээ. УИХ-ын дарга З.Энхболд: “Тамхины хууль яриад эхлэхээр МАН-ынхан ийм байдлаараа гурван жил гацааж байна. Бүгд Ц.Дашдорж гишүүнтэй холбоотой юм уу. Танхимд байгаа МАН-ын тамхи татдаггүй гишүүд дэмжээрэй” гэж байр сууриа илэрхийлсэн бол гишүүн С.Бямбацогт: “Их хурлын даргаа та нийт гишүүдийн аав нь биз дээ. МАН танай хүүхэд биш гэсэн тийм юм байхгүй шүү. Манай намын хувьд тамхины хуулийг эсэргүүцээгүй шүү. Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж байж саналаа хураая” гэж хариуллаа.

Г.Баярсайхан гишүүний гаргасан Зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглоно гэсэн зарчмын зөрүүтэй санал дээр гишүүд хэсэг талцсаны эцэст санал хурааж дэмжсэн юм. Үүний дараачаар ил задгай газарт тамхи татах гэсэн зарчмын зөрүүтэй санал дээр хэлэлцэж ойт хээрийн бүсэд тамхи татахыг хориглоно гэж оруулна гэсэн бол зарим гишүүд эсрэгээрээ хөдөөд тамхи татахыг хориглох нь хэрэгжихгүй асуудал болохыг сануулж тус хуулийн заалтаа дахин харахыг сануулж байв. Иймээс тус саналыг дахин судалж оруулахаар байнгын хороонд үлдээв.

Зарчмын зөрүүтэй 26 санал дээр санал хурааснаар тус хуулийн төслийг дэмжиж Тамхины хяналтын тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ийнхүү 19 цаг 30 минутанд нэгдсэн чуулган завсарлав.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top