“Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн анхны хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

 Монголын Залуучуудын Холбооны зүгээс УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулж, тус бүлгээр дамжуулан “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд залуучуудын дуу хоолой, саналыг тусгуулах, шаардлагатай шинэ хуулиудын төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг хуулийн хүрээнд хамтран зохион байгуулах юм.

2012 оны 4-р сард УИХ-ын гишүүдэд тус бүлэгт нэгдэх саналыг тавихад, хүлээн авсан гишүүдийн тоо 49-т хүрч 50-аас дээш хувийг бүрдүүлсэн тул УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг тунхаглах ёслол, 800 залуучуудын цугларалт буюу тус бүлгийн нээлтийн үйл ажиллагааг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан юм.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа дээрх 49 гишүүнээс 27 гишүүн нь дахин УИХ-д сонгогдсон.  Шинээр УИХ-д сонгогдсон гишүүдэд Лобби бүлэгт нэгдэх хүсэлтийг илгээсэн бөгөөд 14 гишүүн нэгдэх хүсэлтээ илэрхийлснээр Лобби бүлэг 41 гишүүнтэй болоод байгаа билээ.

Энэ 10-р сарын 14-нд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн анхны хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байна. Анхны энэ хуралдаанаар  бүлгийн дарга, дэд дарга, бүлгийн үйл ажиллагааны журам зэргийг хэлэлцэж батлах юм. Дээрх УИХ-ын 41 гишүүнд бүлгийн дарга, дэд даргаар ажиллах боломж нээлттэй байгаа юм байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top