Шведийн Вант Улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтэй хийх Төрийн тэргүүний уулзалтад оролцохоор ажил, хичээлийн цагаа зохицуулаад олон хүн ирсэн байлаа. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ч.Сосормаа нар байлцав.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Швед, Норвегт хийж буй айлчлалынхаа гол зорилгыг танилцуулаад, Монголын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар хүмүүст товч мэдээлэл өглөө.
Шведэд өдгөө 4000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа аж. Тэдний төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр зарим иргэдийн санал бодлыг сонсож, асуулт хариулт өрнүүлэв. Замын түгжрэлийг бууруулах, боловсрол, эмнэлгийн үйлчилгээг хэрхэн сайжруулах гэхчлэн олон асуудлаар Шведийн туршлагаас бодит амьдрал дээр мэдэрсэн монголчууд Төрийн тэргүүндээ саналаа хэлсэн юм. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд урьд нь ихэвчлэн “Хэзээ манай орон сайхан болох гэж байна. Тэгсэн хойно нь Монголдоо очно” гэхчлэн ярьдаг байсан бол одоо харин эх орноо хөгжил дэвшилд хүргэхэд бүгдийн оролцоо чухал гэдгийг ойлгож байгаад баяртай буйгаа Ерөнхийлөгч энэ үеэр онцлов. Халуун дулаан уур амьсгалд болсон уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн хүний нутагт ажиллаж байгаад эх орондоо ирэхдээ шинэ бизнесийн санаа, шилдэг технологийн шийдлийг өвөрлөн, ганзага дүүрэн ирэхийг монголчууддаа захисан юм.
Сэтгэгдэл ( 0 )