Н.Батцэрэг: Хөрөнгө оруулалтынхаа зардалд таналт хийсэн байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

“Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит хуралдаанаар  2013 төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Түрүүчийн долоо хоногт ерөнхий шүүмжлэлийг хэлэлцсэн. Тэгвэл энэ удаад төсвийн төслийг нарийвчлан хэлэлцсэн байна.  Бүлгийн гишүүд ирэх жилийн төсвийн төслийг 100 хувь шинэчилсэн төсөв гэж хэлэхэд учир дутагдалтай бөгөөд хуучин зарим зүйл харагдаж байна гэдгийг онцлов.

Хөрөнгө оруулалтын зүйл заалт, урсгал зардал, түүний тэнцэл дээр Сангийн яамны мэргэжилтнүүдийг байлцуулан мэдээлэл сонссон байна. Цаашид нарийвчилсан зарим нэг мэдээллийг  Сангийн яамны мэргэжилтнүүдээс авахаар боллоо.  Энэ үеэр  бүлгийн дарга Н.Батцэрэгээс цөөн зүйлд тодруулга авлаа.  

-Төсөв  нэлээн таналттай байгаа гэлээ.  Яг юунд таналттай хандаж байна вэ?

-Өргөн барьсан хуулийн төсөл өөрөө хөрөнгө оруулалтынхаа зардалд таналт хийсэн байгаа. Тэр дотор зураг төсөл нь бүтэн хийгдээгүй, тендер зарлагдаагүй, тооцоо судалгаа, үндэслэл муутай зориулалт бүрэн задраагүй ажлуудыг ЗГ хассан.  

-Гишүүдийн нэг тэрбумыг болиулна гэдэгт бүлгийн даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд хэрхэн хандаж байна вэ?

-Угаасаа гишүүн төсвийг  шууд захиран зарцуулах эрх байхгүй шүү дээ. Төсөв батлах л эрхтэй.  Хуучин гишүүний нэг, бүүр гурван тэрбум хүртэл яригдсан. Гишүүдийн хувьд  өөрийнхөө тойрогт санхүүжилт татах хэрэгтэй болдог. Тийм учраас гишүүний нэг тэрбум гээд нэрлэгдчихсэн. Гишүүд тэр мөнгийг өөрийн юм шиг захиран зарцуулдаг практик харагдаж байгаа. Тиймээс гишүүний татвар гэдэг ойлголт буруу гэж үзсэн. Үүн дээр бид санал нэг байгаа.

Цаашид бүлэг  Сангийн яамнаас дэлгэрэнгүй мэдээллийг авах бөгөөд өөрсдийн байр суурийг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганд илэрхийлэх ажээ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top