МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Улмаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн яриа газар авч байна. Бид аливаа шинэчлэл өөрчлөлтийг дэмжинэ. Гэхдээ хуулийн дагуу хийх нь зүйтэй. Бид төсөв дээр ч үүнийгээ хэлсэн. Гурван суманд 30-д тэрбумыг зарцуулна гэсэн заалт төсвийн төсөлд байгаа нь шударга бус.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2013 оны төсвийн төсөл иргэд рүү бус дарга нарт чиглэсэн төсөв болсон байна. Өөрөөр хэлбэл цалин тэтгэврийг нэмэхгүйгээр өөрсдийнхөө хэрэгцээг нэн тэргүүнд бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төсвийн орлого 70 тэрбумаар тасарсан. Татварын болон түрээсийн орлого буурч байна. Бид татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нягтлах болно. ХАА, газар тариаланд үзүүлдэг байсан хөнгөлөлтийг байхгүй болгосон. Аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн. Энэ мэтчилэнгээр төсөв хяналтгүй, шударга бус байдлаар хандсанд анхаарал хандуулна.
Бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулсан бөгөөд орлого нэмэгдүүлэх ямар боломж байна, зардлуудыг хэрхэн бууруулах вэ зэрэг тооцоог гаргаж, улмаар саналаа 2013 оны төсвийн төсөлд оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Аймаг бүрт үйлдвэр, дулааны цахилгаан станцыг барих асуудлыг эхний ээлжинд ажил хэрэг болгох ажээ. Үүний дараагаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 21,000 төгрөг олгох асуудалд анхаарал хандуулах юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )