Өнгөрсөн долоо хоногт “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай 26 гишүүний гарын үсэг бүхий УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ тоо 29 болж нэмэгджээ. Гишүүдийн мэдэгдсэнээр Оюутолгой төслийн хийгдэх ёстой Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулагдаж гараад багагүй хугацаа өнгөрч байна. Эл хугацаанд санхүүжүүлэгчдийн шаардлагаар төсөлд ард иргэдийн саналыг тусгасан байх ёстой хэмээн хугацаагаа 60 хоногоор сунгасан боловч ард иргэдийн саналыг тусгаагүй 53 хоног өнгөрчээ. Гэтэл энэ сарын 18-нд “Оюутолгой” компани байгаль орчин, нийгмийн нөлөөллөө олон нийтэд ил болгох ёстой. Энэ үеэр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн салбарт хийж бүтээсэн тайлангаа тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Уг хэлэлцүүлгийг нэр бүхий 27 гишүүн хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд Оюутолгойд хийсэн нөхөн сэргээлт, нийгмийн салбарын бүтээн байгуулалтын тайланг УИХ-ын гишүүд, Монгол Улсын нэг ч иргэн үзэж байгаагүй, энэ талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэж үзэж буй тул тайлантай танилцах боломж гаргах үүднээс хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргажээ. Ойрын хугацаанд нээлттэй сонсголыг зохион байгуулах талаар УИХ-ын байнгын хороодын дарга нартай ярилцаж байгаагаа гишүүд энэ үеэр дуулгасан.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд уул уурхайн хүнд даацын техник тоног төхөөрөмжийг зөөх, баяжмалаа гаргах, уурхайн талбайд хүргэх, ажилчдын ирж очих замын асуудлыг шийдэх ёстой байвч Оюутолгойн төслийн хувьд зөвхөн Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх авто замыг эс тооцвол өөр замгүй. Унаган байгаль шиг нөхөн сэргээлт хийх нарийн төлөвлөгөө байхгүй. Ундай голын голдрилыг ямар хөрөнгөөр өөрчлөх, аргачлал, үр дагавар зэрэг олон асуудлыг тодорхойгүй тусгасан хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцоллоо.
Түүнчлэн “Оюутолгой” компани анх 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн, үүний 34 хувийг Монгол Улс гаргах ёстой байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан дүнгээр 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оюутолгой” компани босч байгаа гэсэн тайлан гаргаж өгсөн байна. Энэ нь анх хийгдсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг өөрчлөхөд хүргэж байгаа учраас “Оюутолгойн” гэрээг цуцлах хангалттай үндэслэл юм. Гэхдээ УИХ-ын гишүүд гэрээг цуцлахгүйгээр, өөрчлөхөөс аргагүйд хүрч байгааг хэлэв. Ингэхдээ хоёр талд харилцан ашигтай байх ёстойг тэд онцлов.
“Оюутолгойн” гэрээг өөрчлөх хүсэлтэй 27 гишүүнээс 19 гишүүн нь дээр дурдсан Ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд бүх нам, эвслийн төлөөлөл оролцож байгаа юм. Бид мэдээлэл авдаг биш оролцогч байх ёстой. УИХ-ын 57-р тогтоол эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай заасан. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй гадаадын хөрөнгө оруулагч нарт говийн гүний усыг 20 жил үнэгүй ашиглах боломжийг олгосон хяналтгүй гэрээг өөрчлөх хэрэгтэй. Оюутолгойн гэрээний талаар ард нийтийн санал асуулга явуулж, зөв буруугаа шүүе. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг гаргах, шахах гэсэн асуудал яригдаагүй. Зөвхөн харилцан ашигтай байх талаар ярьж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар байр сууриа илэрхийллээ.
Ер нь манайд байгаль орчны үнэлгээг ёс төдий хийж ирсэн нь хохирлыг эргэн тооцох, хариуцлага хүлээлгэх боломжгүй олгодоггүй. Нөхөн сэргээлтийн ажил бүрэн төгс хийгддэггүй. Албан бус мэдээллээр 17 мянган га талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )