Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газраас аудит хийж санал, дүгнэлт боловсруулснаа Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Ирэх оны улсын төсвийн төсөлд санал, дүгнэлт боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шаардлагыг хангаж буй эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэхийг хуулийн заалт тус бүрээр нь судлан үзсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хэлэв.
Түүнчлэн 2013 оны төсвийн төсөлд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талаар саналаа боловсруулан хүргүүллээ гэж тэрбээр хэлсэн юм.
Үндэсний аудитын газраас ирэх онд газрын тосны орлогыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж үзжээ. Түүнчлэн Монголбанкны ногдол ашгаас төсөв төвлөрүүлэх орлогыг 5 тэрбум төгрөгөөр төлөвлөх, төрийн өмчит хувийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3.8 тэрбум төгрөгөөр, гаалийн татварын болон бусад орлогыг 16.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж төсвийн орлого нэмэгдүүлэх саналдаа дурдсан байна.
Харин хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд олгох урамшууллыг хавтгайруулахгүй байлгах, газар тариалангийн салбарт олгох дэмжлэгийг оновчтой болгох, зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хасах зэргээр төсвийн зардал бууруулах саналуудаа ирүүлжээ.
Үндэсний аудитын газраас боловсруулсан саналуудыг харгалзан үзвэл улсын төсвийн орлогыг 66.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр бууруулж, улмаар төсвийн алдагдлыг 40 орчим хувиар сайжруулах боломж бүрдэнэ гэж тооцсон байна.
УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аудитын газраас боловсруулсан санал, дүгнэлтийг удахгүй УИХ-аар хэлэлцэх болно гэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )