УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Хууль зүйн яамны үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд яамны 2013-2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэлээ танилцуулсан юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам хууль эрх зүйн салбарт хийж буй шинэчлэлийнхээ хүрээнд хуулийн байгууллагын дэд бүтцийг шинэчлэх цаг болсныг тайлбарлав. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд иргэний хэргийн шүүхэд жилд дунджаар 40 мянган иргэн нэхэмжлэл гаргадаг. Нэг нэхэмжлэлийн ард гэрч, хохирогч, хариуцагч тал нийлээд арав гаруй хүн байдаг гэж үзвэл жилд 400 мянган иргэн иргэний хэргийн шүүхээр үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл нийслэлийн хэмжээнд иргэний шүүхийн хуралдааны 16 танхим байдаг тул шүүх хуралдаанууд хойшлох, иргэдийг чирэгдүүлэх шалтгаан болдог байна. Үүнээс гадна зарим дүүргийн шүүх цэцэрлэг, сургуулийн зориулалтаар баригдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулж, шүүхийн аюулгүй ажиллагааны тал дээр ч эрсдэлтэй байдаг. Тиймээс нийслэлийн дүүрэг бүр дээр байгаа шүүхүүдийг нэгтгэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд эрүүгийн болон иргэний тус бүр нэг шүүхийг байгуулж, нэг шүүхийн байшинд 20-25 шүүх танхимтай байхаар шүүхийн дэд бүтцийг бий болгож байгаа аж. Мөн эрүүгийн шүүхийн хажууд прокурорын байгууллага заавал байх стандарт тавигддаг тул прокурорын байрыг ч бас шинээр барина гэдгээ хэлээ.
Мөн ирэх сард эрүүгийн багц хуулиуд болон шинээр Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Мөрдөх албаны тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байна гэв.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг УИХ-ын гишүүдэд яамны бүтэц, үйл ажиллагаагаа танилцуулсны дараа зочдыг Хүндэтгэлийн танхимд урьж, үе үеийн сайд нарын зураг, түүхтэй танилцлаа. Энэ үед Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль зүйн салбарт томоохон шинэчлэл үгүйлэгдэж байсан. Энэ шинэчлэлийг эхлүүлж байгаа та бүхний ажилд амжилт хүсье. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос бүх талаар нь дэмжих болно” гэв.
Байнгын хорооны гишүүд энэ сарын 15-31-ний өдөр хүрэл Хууль зүйн яамны харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцах юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )