Хоосон шахуу “халаастай” Засгийн газар хүлээж авсан Н.Алтанхуягийн танхим дансандаа хэдэн төгрөг хуримтлуулахаар хэрэндээ л хичээж байна.
Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхнө гэгчээр хойно хийгдэхийг нь урагш татаж байгаад ч болов ажлаа хэл амгүйхэн хийхийг зорьсон шинэчлэлийн Засгийн газар нэгэн том “түүхэн амжилт” гаргаж, ард түмнээс “онц” дүн авах бололтой. Өөрөөр хэлбэл, гишүүдийн жил бүр авдаг тэрбум төгрөгийг энэ удаагийн төсвөөс хасах сураг дуулдаж эхэллээ шүү.
Хэтэвчээ тэрбум төгрөгөөр зузаалчихаад хэд гурван халуун ус, талхны цех, хөшөө дурсгал барихад тэр мөнгөө зарцууллаа гэсэн үлгэр ярьж ирсэн парламентчдын түүхийг эвдэж чадсан энэ Засгийн газрыг түүхэн амжилт гаргалаа гэж хэлэхээс яахав. Яг үнэнийг хэлэхэд улсын төсвөөс тэрбум төгрөг авч, түрийвчээ зузаатгахын тулд УИХ-ын гишүүний “зөөлөн суудалд” залрахаар үхэн хатан тэмцэлддэг хүмүүс бишгүй олон байсан гэдгийг хэн бүхэн мэднэ. Тойргийнхоо хөгжилд зарцуулах ёстой гэж улсын төсөвт суулгаж өгдөг ч эзэндээ хүрч байсан тохиолдол гарын арван хуруунд багтана. Тэр мөнгө одоо л жинхэнэ эзэндээ очих нь дээ. Дөрвөн жилийн дараа хэвлэл мэдээлэл, сонгогчдод тэрбум төгрөгийн тайлангаа тавихын тулд гишүүд нэр дэвшихээсээ ч хэцүүхэн байдалд орж, түгдэрч, ээрч муурдаг байж билээ.
Өнгөрсөн жил мань нөхдүүд халуун ус, нохойн хөшөө барихад тэрбум төгрөг чинь хүрэхгүй байна гэж “гонжирч” гурван тэрбум болгох санал оруулж байсан санагдана. Харин даварсан тэдэнд ард түмэн хатуухан даруулга өгч, арайхийн нэг тэрбумтай нь үлдээсэн. Одоо бүүр байхгүй болох нь. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд энэ мөнгийг байхгүй болгохоос өөр аргагүй байдал үүссэн гэж үзсэн байна. Нэгдүгээрт, алдагдалтай баталсан төсвийг нөхөх, дааж давшгүй олон амлалтаа биелүүлэхэд 76 тэрбумыг зарцуулах болж, чаддагаар нь гишүүдээ “дээрэлхсэн” гэсэн. Хоёрдугаарт, одоогийн парламент дахь нийт гишүүдийн 3/1 нь пропорционалиар сонгогдсон. Иймд намын нэрээр УИХ-д орж ирсэн 28 гишүүнд тэрбум төгрөгөө зарцуулах тойрог байхгүй гэсэн үг. Тойргоос сонгогдсонд нь мөнгө өгөөд, намын жагсаалтаар орж ирснийг зүгээр орхих нь гишүүдийн дунд “дайн дэгдээхэд” хүргэнэ. Тийм учраас эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байхаар шийдвэр гаргаж, 76 гишүүний 76 тэрбум төгрөгийг “хэмнэхээр” болсон бололтой. Засгийн газар байгуулагдсаны дараахан намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн мөнгийг хасах талаар Төсвийн байнгын хороон дээр яриа гарч, энэ асуудал нэлээд дэмжлэг хүлээсэн. Гэтэл намын жагсаалтаар орж ирсэн зарим нөхдүүд “Бид ч гэсэн салбар, салбарт хийх ажилтай хүмүүс. Адилхан аавын хүүг алагчилж үзлээ. Бид ард түмнээсээ сонгогдсон адилхан УИХ-ын гишүүн. Ингэж болохгүй” хэмээн тэрбум төгрөгөө үхэн хатан хамгаалж байсан юм. Тэд ч хүссэндээ хүрлээ. Хэн хэн нь адилхан эрхээ хасуулсан болохоор өөр аргаар яаж мөнгө олохоо бодож эхэлсэн нь дээр болов уу. Нөгөөтэйгүүр АН-ынхан бас далим “үсэргэж” байж ч мэднэ. Гэхдээ зөв далим байна. Тодруулбал, АН-аас парламентад орж ирсэн гишүүдийн ихэнх нь сайдын албан тушаалд морилчихсон болохоор хэдэн тэрбумаар төсөвлөгдсөн сайдын төсвийн дэргэд тойрогтоо зарцуулах нэрээр авдаг нэг тэрбум төгрөг ч “жижигхэн” харагдаж байгаа. Харин “Шударга ёс” эвсэл ч юу дутахав хэдэн сайдууд нь хангалттай хүртчихнэ. Өөр бас нэг хувилбар нь шинэчлэлийн Засгийн газрын бүтээж босгох, зарцуулах мөнгө гэж дансандаа 50 тэрбумыг “нууцлаад” амжсан гэнэ. Гэхдээ тэр мөнгөнөөс авахын тулд гишүүд нь санал боловсруулж, тэр сум, тэр аймагт тэдэн төгрөгөөр тийм үйлдвэр байгуулмаар байна гэж Н.Алтанхуяг даргад “ам өчгөө” өгөөд авах ёстой юм гэсэн. “Шударга ёс” эвсэл бас л дутахгүй хэмээн гомдол нэхэж мажоритороор сонгогдсон гишүүдийн тойрогт зарцуулах мөнгийг нэхэж байгаа.
Энэ хоёр хэрэлдэж, хэлэлцэж байгаад эв түнжинтэй хуваагаад хүртчихлээ гэхэд эцсийн дүндээ хохирч үлдэх хүмүүс нь МАН-ын 25 болж байгаа юм. Бүлэггүй сул гишүүд, дээр нь тэрбум ч үгүй болж. АН-д ямар нэг байдлаар тулган шаардалт хийж чадахгүй учраас тойрогтоо зарцуулах мөнгийг яаж ч хичээгээд олж авч чадахгүй. Халаасалж үлдсэн 50 тэрбумаасаа АН-ынхан “Шударга ёс” эвсэлд “хялаалгана” уу гэхээс МАН-ынханд ёстой “лөөлөө” биз. Тэгээд ч эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч болзошгүй байгаагаас шалтгаалан Монгол Улсын ирэх жилийн төсөвт шинэ бүтээн байгуулалтыг хязгаарлах бодлого барьж байгаа. Тэгэхээр бүсээ чангалахаас аргагүй байгаа тэдэнд сөрөг хүчинд өгч байх мөнгө байхгүй л болов уу. Шинэчлэлийн Засгийн газарт зарж, үрэх мөнгө хомс байгаа ч улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний үнэт цаас гарган худалдаалахаар болсон. МАН-ын удирдаж байсан Засгийн газрын зуурч хаясан бантан буюу ихээхэн хэмжээний өр төлбөр, төсвийн алдагдлын “ял”-ыг АН-ынхан үүрч гарахаар хичээж, бонд гаргаад ч хамаагүй төсвийг аврахаар зүтгэж байгаа нөхцөлд бидэнд мөнгө өг гэх эрх МАН-ынханд байхгүй биз. Ингэхээр энэ шийдвэр Ардын намын 25 гишүүнд хамгийн “хүнд цохилт” боллоо. Энэ дөрвөн жилд тэд өөрөөсөө болоод намаасаа мөнгө гаргуулж тойргийн сонгогчдоо “асарч тойлох” сонголт үлджээ. Эцэст нь хэлэхэд, улс орны хөрөнгө мөнгө тарчиг, амьдрал хэцүү байгаа энэ нөхцөлд “амин хайртай” тэрбумаасаа хагацах шийдвэр гаргасан гишүүддээ татвар төлөгчдийн өмнөөс талархъя.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )