Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.9 хувийн ирцтэйгээр эхлэв. Уг хуралдааны эхэнд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг танилцуулсан. Хоёр дахь хэлэлцүүлэгт орж байгаа уг асуудлаар гишүүдэд асуулт болон санал байсангүй. Улмаар дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхэд Сангийн сайд байлцах шаардлагатай байв. Гэсэн ч сайд, дэд сайд нар хуралд ирээгүйн улмаас энэ асуудлыг хэлэлцэх хугацааг түр хугацаагаар хойшлуулав.
Улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай (4) хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд 100 сая болон түүнээс дээш төгрөгийг дансандаа нэг жил хүртэл хугацаагаар байршуулсан бол түүнээс татвар авдаг болж өөрчлөх гэж байгаа юм. 100 болон түүнээс дээш төгрөгийг хадгаламж эзэмшигч нийт хадгаламж эзэмшигчдийн гурав орчим хувийг эзэлдэг байна. Харин иргэн өөрийн хөрөнгийг хувааж байршуулах нь эрүүл үзэгдэл гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав. Заримд нь татвар ногдуулаад, заримд нь татвар ногдуулахгүй байгаа шалтгааныг салбарын сайд Н.Батбаяр: “Хүмүүс мөнгөө хадгалуулахаа байна. Тиймээс энэхүү ялгавартай бодлогыг хийх гэж байна” гэв. Ингэж хадгаламж эзэмшигчдэд ялгавартай хандсанаар төсөвт 11 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байна.
Манай улсад 1,9 сая хадгаламж эзэмшигч байдаг. Харин банкинд эргэлдэж байгаа мөнгө 2010 оныхоос 3 их наядаар өссөн байна. Өөрөөр хэлбэл банкинд эргэлдэж байгаа мөнгөний эх үүсвэрийг хувьчилбал 47,8 хувь нь хадгаламж, 24,8 хувь нь харилцах данс ажээ.
Улмаар гишүүд саналаа хэлэв. С.Баярцогт гишүүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэнгүй. Тэрбээр: Бид 2013 оны төсвийг дэмжих гэж байгаад банкны салбараа гажуудалд оруулах гэж байна. Энд гадаадын иргэн, валютын данс үүнд хамааралтай эсэхийг тусгах хэрэгтэй гэв. Нэг арга байна, өөрөөр хэлбэл хуулиндаа өөрчлөлт оруулахгүйгээр нэг удаагийн арга хэмжээ авч болно.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуулийн нэмэлт өөрчлөлт хуучнаасаа дээр. Манай эдийн засаг түрээсийн буюу мөнгө хүүлэлтийн эдийн засаг болсон. Орлого олж л байгаа бол татвар төлнө гэсэн үндсэн санааг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Ядуурлын хүчин зүйл 22 жилд хоёр зүйлд байсан. Үүний нэг нь арилжааны банкны хаана ч байхгүй өндөр хүү. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Татвар авахыг дэмжиж байгаа. Тэр гурван хувь нь нийт хадгаламжинд эргэлдэж байгаа мөнгөний 70-80 хувийг эзэлдэг гэж дуулсан. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлбэл олон үзэгдэл гарна. Энэ бүхний үр дүнг Монголбанк болон бусад мэргэжилтнүүдтэй тооцоо судалгаа хийх шаардлагатай гэв.
Улмаар төсвийн төсөлтэй холбоотой дагалдах хууль тус бүрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхэд санал хураав. Тодруулбал:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай (газрын тостой холбоотой) санал 100 хувь,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай (4) хуулийн төслүүд (газрын тостой холбоотой) санал 100 хувь,
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай (100 сая болон түүнээс дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчээс татвар авах), Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл (хүүхдийн мөнгө олгох) саналуудыг гишүүдийн дийлэнх нь дэмжив.
Одоо дээрх асуудлуудыг энэ долоо хоногт хуралдах нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )