Б.Наранхүү хэлд орж эхэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

“Мон Уран”-ы Б.Наранхүү өнөөдөр гэнэтхэн хэлд орлоо. Тэр УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг ч удаа байр сууриа илэрхийлж, чуулганы танхимд дуугарч байгаагүй. Өнөөдөр хуралдсан Байгаль орчны байнгын хорооны хуралдаанд суухдаа уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн асуудлыг хөндлөө.

Тэрбээр, “би саяхан шалгалт хийгээд ирлээ. Гацуурт компанийн нөхөн сэргээлт их сайн байгаа гэх юм. Дэлхийн стандартад нийцэж чадсан уу. Дэлхийн стандартад ямар байх ёстой гэж заасан талаар мэдээлэл, судалгаа байна уу. Ер нь байгаль орчны хор хохирлыг нөхөн сэргээх асуудлаар төсөвт мөнгө суулгасан юм уу” хэмээн тун чухалчлан асууж, энэ асуудлаар тууштай дуугарна гэв.

Өмнөх парламентад сууж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ анхлан “хэлгүй гишүүн” нэр зүүж явсаар эцэст нь байгаль орчин, нөхөн сэргээлт, байгалийн баялгийн асуудлаар хамгийн их дуугардаг гишүүн болж сүүлдээ энэ асуудлаас болж ихэд бухимдан бие нь муудаж байсан. Шинэ гишүүдийн анхлан хэл ордог сэдэв нь байгаль орчин бололтой.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top