МАН-аас долоо хоног бүрийн хоёр дахь өдөр сэтгүүлчидтэй уулздаг уламжлалт уулзалтаа хийлээ. Тус уулзалтанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
МАН-аас орон нутгийн сонгуульд 30 гаруй мянган хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс шалгарсан 9000 хүн нэр дэвшихээр болсон байна. Эдгээрээс 1386 нь аймаг болон дүүрэгт, 7000 гаруй нь сумдад нэр дэвшиж байгаа аж. Нийслэлд нэр дэвшигчдийн 68 хувь нь эрэгтэй үлдсэн нь эмэгтэйчүүд бол хөдөө орон нутагт нэр дэвшигчдийн 75 хувь нь эрэгтэй, 25 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Нийт нэр дэвшигчийн 65 хувь нь шинэ хүмүүс бөгөөд насжилтын хувьд 40 хүртэлх насныхан 52 хувийг эзэлж байгаа аж. Харин мэргэжлээр нь авч үзвэл 19 хувь нь эдийн засагч болон хуульч, 3,1 хувь нь инженер, 20 хувь нь эмч, багш мэргэжилтэй хүмүүс байна.
Эдгээр нэр дэвшигчийн дотор Увс аймагт гавьяат малчин Хөдөлмөрийн баатар, Төв аймагт монгол улсын хөдөлмөрийн баатар тракторчин хоёр Хөдөлмөрийн баатар цолтой нэр дэвшигч байгааг өнөөдрийн хурлаар тэрбээр онцолсон юм.
Тус намын зүгээс ирэх 2013 оны төсвийн тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Г.Занданшатар: Одоогийн энэ яриад байгаа шинэчлэлийн гэгдэх Засгийн Газар үнэндээ шинэчлэгдэж чадахгүй байна. Бүх юм нь нүднээс далд. Үнэн хэрэгтээ ирэх оны төсвийн талаар бид тооцоо, судалгаа хийлээ. Маш их үрэлгэн үргүй зардал тусгагдсан байна. Өнөөдрийн байдлаар Манай улсын Засгийн Газар шинэчлэлт хийх биш харин ч эсрэгээрээ ажиллах дүр зураг ажиглагдаж эхэллээ.
Манай намын зүгээс төсвийн асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр өмнөх Засгийн Газар одоогийнх шиг ийм үрэлгэн төсөв гаргаж байгаагүй. Дээр нь нэмж хэлэхэд Ерөнхий сайдын багц гээд байгаа тэр их мөнгийг яг юунд зарцуулах гэж байгаагаа АН-ынхан нээлттэй, ил тод хэлэлцэж чадахгүй байна. Засгийн Газраас гаргах гээд байгаа 500 сая бондын асуудлыг ч бид дэмжихгүй байгаа. Эцэст нь манай улс дэлхийн зах зээл дээр өрийн сүлжээнд баригдсан тийм л улс орон болж хувирна” гэсэн юм.
Мөн энэ үеэр МАН-ын бүлгийн асуудал юу болсон талаар сэтгүүлчид асуухад Г.Занданшатар:-МАН-ын бүлгийг албан ёсны болгохгүй байгаа ч гэсэн бид ард түмнийхээ дуу хоолой болох, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдөр МАН-ын 25 гишүүн бүлэг байгуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулан өргөн барих гэж байна. МАН бүлэггүйгээр бүлгээс хүчтэй үйл ажиллагаа явуулна. Өнөөдөр бүлгийг байгуулахгүй байгаагийн цаад зорилго нь улсын төсвийг хяналтгүйгээр ашиглах гэсэн бодлого байна гэж хардаж байгаа.
Аливаа хүнд толь хэрэгтэй. Цөөнх бол толь юм. Хүн толинд харж байгаад дүр төрхөө засдаг бол энэ толийг хагархай байлгах гэж зүтгэж байгаа нь дарангуйлал гэж үзэж байна.
-Өвөрхангай болон бусад тойргуудын маргаантай асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон зарим маргаантай тойргуудад дахин санал хураах асуудал яригдаж л байна. АН-ынхан үнэндээ хууль шүүх, эрх мэдлээр далайлган үлдсэн тойргуудыг өөрийн болгох гэж улайрч байна. Шүүх бүх эрх мэдэл АН-ын талд ажиллаж байна.
-Түүхэн хөшөө дурсгалуудыг сүүлийн үед нурааж байгаа асуудал дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ? В.И.Ленины хөшөө танай намын өмч байсан юм уу?
-Өнгөрсөн түүхээ үгүйсгэнэ гэдэг хамгийн бүдүүлэг хэрэг. Дэлхий дээр тийм ёс хаана ч байхгүй. Эртний Грек, Ромд хуучин хөшөө дурсгалуудаа энэ нөхөр дарангуйлагч байсан гээд буулгасан юм одоогоор алга. Өнгөрсөн түүхэнд тухайн хүн сайн ч байсан, муу ч байсан бидний багш байсан учраас В.И.Ленины хөшөөг буулгадаг буруу л гэж үзэж байна. Тус хөшөө нэг ёсондоо хүний хийсэн бүтээл байгаа юм. Хүний бүтээсэн бүтээлийг буулгах нураах гэдэг бол байж болшгүй зүйл шүү дээ. Үнэхээр тийм юм бол энэ гадуур байгаа хананд өлгөөтэй уран зураг бүтээлүүдийг бүгдийг нь устгах хэрэгтэй.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )