Х.Баттулга буудайны урамшуулалд мөнгө хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд санал дүгнэлт хийж байна.

Төсвийн тухай хуулийн төсөлд байнгын хорооны санал дүгнэлтийг оруулж байгаатай холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хөдөө аж ахуйн тодорхой секторт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэх талаар санал хэлж буудайн урамшуулалд мөнгө хүслээ. Гишүүд тойрогтоо хийгдэх нийгмийн шинж чанартай ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдүүлэхээр байнгын хорооны гишүүдэд саналаа хүргүүлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газрыг яаралтай ашиглалтанд оруулах санал оруулж байнгын хороогоор дэмжүүлсэн бол Б.Гарамгайбаатар Хэнтий, Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын санал орууллаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ үеэр Хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтад ногоон хөгжлийн асуудлыг дэмжсэн бодлого байх ёстойг хэлж энэ зөвхөн С.Оюун сайдын яамны эрх хүрээний асуудал биш гэдгийг онцоллоо. Тиймээс газар тариалангийн салбарт төсөвлөгдөх 82.1 тэрбум төгрөгөөс тодорхой хэмжээний хөрөнгийг органик, ногоон үйлдвэрлэлд зарцуулж байгаа эсэхийг асуулаа. Мөн "Монгол мал" хөтөлбөрийн хүрээн дэх зарим санхүүжилтийн талаар Хөдөө, аж ахуйн дэд сайд танилцууж тус асуудал дэмжигдсэн юм.

Байнгын хорооны хуралдааны удаах асуудал Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал байлаа. Тус асуудлыг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр боллоо.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top