Хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Gerson Global Advis /GGA/ компанийн Зөвлөлүүдийн зөвлөлийн дарга Адмирал Денис Блэйр болон тус компанийн зөвлөх Алфонз Ла Порта нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ноён Алфонз Ла Порта нь 1997-2000 онд АНУ-аас  Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Монгол орон, Монголын ард түмний ёс заншил, ахуй амьдралыг сайн мэдэх нэгэн билээ. Тэрээр Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнө Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд бусад салбарт ажиллах арвин туршлагатай гэдгээ дуулгаад УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол, Америкийн бизнесийг гурав дахь хөршийн бодлогын түвшинд хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт хөгжүүлэх ямар боломж, бололцоо байгаа талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Ингэхдээ бизнесийн хамтын ажиллагаанд томоохон компаниудаас гадна жижиг компаниудыг татан оролцуулах нь чухал болохыг хоёр тал онцоллоо. Ноён Адмирал Денис Блэйр, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ Элчин сайдын хувь нэмэр их гэдгийг тэмдэглэж, хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэндийн салбараас гадна өөр ямар салбарт чиглүүлэх нь чухал болохыг сонирхож байв.

УИХ-ын дарга З.Энхболд, энэ оны есдүгээр сард АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцсанаа энэ үеэр дуулгасан юм. Мөн тэрээр, “Ньюком” групп Төв аймгийн Салхитын ууланд 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк барьж байгаа талаар танилцуулсан. “Ньюком” компани уг төслийг АНУ-ын “Женерал электрик” компани болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын банкны хамтарсан хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа аж. Салхин паркийн төслийг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд цэвэр хөгжлийн механизмын төслөөр бүртгэсэн байна. УИХ-ын дарга ноос, ноолууран бүтээгдэхүүний бизнесийг гадаадын зэх зээлд өрсөлдөхүйц хэмжээнд байлгаж бүтээгдэхүүнийг зөвхөн түүхийгээр бус боловсруулалт хийж гаргах нь чухал байгааг онцолж байлаa.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top