Л.Эрдэнэчимэг: Тамхины хяналтын хууль маш хатуу санкцтай болсон

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдсэн томоохон хуулийн төсөл бол Тамхины хяналтын тухай хуулийн төсөл байлаа. Тус хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөж байнгын хорооны гишүүдийн санал дүгнэлтийг хэлэлцсэнээр УИХ-д танилцуулж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ талаар тус хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Өнөөдрийн яригдаж байгаа хуулиар бол тамхи татах орчныг ямар хүрээнд хориглож байгаа вэ?

-Тамхины хяналтын тухай 2005 онд батлагдсан хууль одоо хэрэгжээд явж байгаа. Үүн дээр бид энэ хуулиараа олон хуулийн заалтуудыг нэмж оруулж байгаа. Юу вэ гэвэл нэлээн олон газар тамхи татахыг хориглох талаар. Жишээ нь бар, рестарон, хоолны газрууд, дунд сургуулиас 500 метрийн ойр зайд тамхи худалдаалахыг хориглох, төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд болох такси, автобус, галт тэрэг болон хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн тамхи татахыг хориглоно. Мөн нэгэн онцгой заалт орсон явдал нь ил задгай газар буюу ой хээрийн бүс дэх ил задгай газар гал түймэр гарах бололцоо бүрдсэн нөхцөлд тамхи татахыг хориглоно гэсэн заалтууд нэмэгдэн орж ирж байна. Түүгээрээ бол маш хатуу санкцтай хууль болж байгаа гэсэн үг.

-Тамхины худалдаа, үйлдвэрлэл гэсэн бусад чиглэлээр ямар зохицуулалт орсон бэ?

-Тамхины үйлдвэрлэлийн чиглэл дээр том зохицуулалт бол байхгүй. Яагаад гэхлээр хуучин хуулиндаа тодорхой заагдсан. Харин тамхины хайрцган дээр тавих шаардлага нэмэгдэж байгаа. Энэ юу гэвэл өнөөдөр эрүүл мэндийн сануулга тамхины хайрцагны 33 хувийг эзэлж байдаг. Олон улсын хэмжээнд 60-аас доошгүй хэмжээнд байдаг. Тийм учраас бид 50 хувьд хүргэсэн байгаа. Тиймээс тамхины хайрцагны 50 хувьд нь эрүүл мэндийн анхааруулга болох наалтыг заавал наасан байх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Тамхийг ил задгай худалдаалах тал дээр юу гэж тусгасан бол?

-Дэлгүүрийн лангуун дээр ил худалдаалах уу үгүй юу гэдэг асуудал дээр нэлээдгүй маргаан өрнөж байна. Түрүүчийн чуулганы анхны хэлэлцүүлэг дээр ил тавихыг хориглох хэрэгтэй гэдэг санал дээр гишүүд нэгдсэн. Мөн энэ удаагийн байнгын хорооны хурал дээр энэ асуудал дээр дахин санал хураасан. Яагаад вэ гэхлээр тамхи далд байгаа нөхцөлд хуурамч тамхи бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Тус асуудал дээр дахин санал нэгдлээ. Тэгээд чуулган дээр ороод унах уу яах уу гэдэг нь гишүүдээс шалтгаална.

-Тамхи ширхэглэж худалдаалсан зохицуулалт цаашдаа үргэлжлэх үү?

-Энэ маань хуучин хуулиндаа байж байгаа. Угаасаа энэ хэрэгжихгүй заалт яваад байгаа. Өөрөөр хэлбэл тамхи ширхэглэн худалдаалахыг хориглож байгаа. Мөн бар, ресторан дотор тамхи зарахыг хориглож байгаа. Ер нь гишүүдээс ямар санал гарч байна гэхлээр бас амьдралд нийцсэн. Хэрэгжүүлж болмоор хууль гаргаачээ гэдэг саналыг тавьж байна. Яагаад гэхлээр урьдныхаа хуулийг тэртээ тэргүй хэрэгжүүлж чадалгүй өнгөрөөчихөөд хуулиа улам хатуу болгоод байна гэж байгаа юм. Гэтэл өмнөх хуулиа хэрэгжүүлэх боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх хүсэл Засгийн Газарт байгаагүй. Тэгэхлээр энэ оруулж ирж байгаа хуулиа хэрэгжүүлэхийн төлөө бид туушдаа ажиллана. Үүнд олон нийтийн оролцоо маш чухал.

-Албан байрны дотоод орчинд тамхи татахыг хориглох хуулийн заалт хэвээрээ байгаа юу?

-Хэвээрээ байгаа. Дөрвөн ханаар хүрээлэгдсэн битүү орчинд гэж заасан байгаа. Ялангуяа ажлын байранд тамхи татахыг хориглоно. Тэгэхлээр хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал гарч ирж байгаа. Тэгэхлээр байгууллагуудын дотоод журманд энэ талаар оруулж өгөх хэрэгтэй. Тийм шаардлага ч тавих болно. Тамхи татахыг хориглосон наалтууд болон татсан нөхцөлд хаашаа хандах вэ гэсэн тэр заавруудыг ил гаргаж тавина. Бас нэг онцлог байгаа зөвхөн 21 нас хүрсэн иргэнд тамхи худалдаалах заалтыг тусгасан.

-Дээрх хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Иргэн хүн тамхи татахгүй газар тамхи татаж байвал 50 мянган төгрөгөөр торгоно. Байгууллагуудын хувьд доод тал нь гурван сая төгрөгөөс эхэлж  байгаа. Хоёр гурван удаа заалтаа зөрчсөн бол шууд лиценз хурааж авна. Ширхэглэн зарж байгаа нөхцөлд нэг сая төгрөгийн торгуультай.

А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top