JCI 2012 оны Дэлхийн Ерөнхийлөгч Бертолт Даемс Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Залуу манлайлагчдын JCI олон улсын байгууллагын 2012 оны Дэлхийн Ерөнхийлөгч Бертолт Даемс өчигдөр орой Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Эрхэм хүндтэй зочноо JCI Монгол байгууллагын 2012 оны Ерөнхийлөгч Ш.Алтанабагана, JCI дэд ерөнхийлөгч Ө.Батбаяр нарын зэрэг хүмүүс угтан авсан юм.

JCI 2012 оны Дэлхийн Ерөнхийлөгч Бертолт Даемсын Монгол Улсад ирсэн гол зорилго нь 20 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа JCI Монгол байгууллагын үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах, дэлхий даяар сурталчлан таниулах явдал аж. Түүнээс ирсэн сэтгэгдлийг нь сонирхоход,

-JCI Монгол байгууллага бол Азидаа шинээр түрэн гарч ирж байгаа од гэж хэлж болно. Байгууллагадаа оруулж байгаа монголчуудын шинэ уур амьсгал, эрч хүчийг харахад сайхан байдаг. Үйл ажиллагаа нь улам бүр өсч байгаад баяртай байдаг. JCI байгууллагын дэд ерөнхийлөгчөөр Ө.Батбаяр гээд монгол залуу ажиллаж байна. Энэ нь Монгол улс энэхүү байгууллагад ямар хэмжээгээр оролцож байгааг харуулах байх аа гэсэн юм.

JCI 2012 оны Дэлхийн Ерөнхийлөгч Бертолт Даемс хоёр хоног ажиллаад БНСУ руу хүлгийн жолоо залах бөгөөд Монгол Улс түүний айлчилж буй 51 дэх улс болж байгаа юм. Энэ тухайгаа тэрээр, 

-Нэг жил ийн аялж явна. Гэртээ ердөө 20 хоносон байх. Ингэж явах нь маш хүнд ч гэлээ дэлхийн манлайлагч залуучуудын эерэг өөрчлөлтийн төлөө зүтгэж ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гэж ярьсан юм.

Дэлхийн 200 гаруй оронд салбартай, нийгмийн сайн сайхан, эерэг өөрчлөлтийн төлөө, залуу лидерүүдийг төрүүлэх чин зорилготой энэхүү байгууллагаас Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон арван шилдэг манлайлагч нар төрөн гарсан юм.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top