Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан боловч эхний буюу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дараагийн буюу “Хууль, УИХ-ын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар боллоо.
Хууль зүйн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын ирэх оны төсөвтэй холбоотойгоор Д.Оюунхорол, Р.Бурмаа, Ж.Батзандан, Ц.Нямдож, Р.Гончигдорж нарын олон гишүүн асуулт тавьж төсвийн ерөнхийлөн захирагч нараас хариулт авснаас гадна “Төслийг ямар ч задаргаагүйгээр, багцаар нь оруулж ирж байна, тухайлбал, шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд зарцуулна хэмээн Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг тусгасан нь ойлгомжгүй байна. Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө учир хариуцлагатай хандах ёстой, эргэн харж засах боломж байна уу?”, “Эрхзүйн шинэчлэлд зориулж 59 тэрбум төгрөг тавьжээ. Ямар шинэчлэл хийх гэж байна вэ?” зэрэг шүүмжлэл дагаж байв. Ялангуяа Р.Бурмаа гишүүн “Байгууллагуудад хүү, торгуулийн орлого ногдуулж байна, Хуульзүйн үндэсний хүрээлэнд чиг үүргээс нь гадна 300 сая төгрөг, цагдаагийн байгууллагад торгуулийн орлого гэж 400 сая төгрөгийн даалгавар өгч буй нь хэр зохистой вэ?” хэмээн асуухад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулахдаа:
-Гэмт хэргийг өөгшүүлж, түүгээр санхүүждэг хандлагыг өөрчилнө. Санхүүжилтийн энэ сонин хэлбэрээр хууль сахиулах байгууллагууддаа төсвийн төлөвлөгөө өгчихсөн байдаг нь гарсан зөрчлөөр төрийг санхүүжүүлэхэд хувь нэмэр болдог тогтолцоог бүрдүүлсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн оронд нуугдаж байгаад зөрчил гарангуут торгож, орлогын төлөвлөгөө биелүүлдэг, албан тушаал ахидаг байхын оронд хэрэг зөрчлөөс үүдсэн хохирлыг барагдуулдаг байхад чиглэсэн төсвийг 2014 оны хуулиар оруулж ирнэ. Одоо энэ асуудлыг оруулбал, төсөвт зарчмын томоохон өөрчлөлт гарна. Тэгвэл бусад салбар яах вэ? Хууль сахиулах байгууллагууд орлогын араас хөөцөлдөж, татварын байцаагч шиг ажиллах бус, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг үйлчилгээний байгууллагын хэлбэрт шилжих ёстой гэсэн юм.
Ж.Батзандан гишүүний хувьд тус байнгын хорооны Ажлын хэсгийнхэн Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар зэрэг хуулийн олон байгууллагаар явж ажилтай нь танилцсаныг дурдаад “Хуулийн салбарт маш том реформ хийж буй нь зохих хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байна. Тус салбарынхан энэхүү реформыг хийх сэтгэл зүйн бэлтгэлтэй байна. Харин энэ реформыг хэрэгжүүлэх эрхзүй, төсөв санхүүгийнх нь орчинг бүрдүүлж өгөх нь зүйтэй. Иргэдийг гэмт халдлагаас хамгаалж аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүрэгтэй салбарынхны цалин хөлс хангалттай сайн биш байгаа тул төсөв мөнгийг нь танах биш харин ч нэмэх ёстой. АТГ-ын төсвөөс 400 саяыг хассан байна, буцааж суулгах ёстой байх. Энэ мэт эрүүл бус хандлагаас зайлсхийж, төсвийг бүрдүүлэхдээ аль болохоор танаж хасахгүй байх бодлого баримаар байна. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд шударга ёс тогтоохын төлөө ажилладаг салбараасаа мөнгө харамлаж болохгүй” гэсэн байр суурьтай байв.
Түүнчлэн Ц.Нямдорж гишүүн Барилгын тухай хуульд зураг төсөлгүй барилгын хөрөнгө оруулалтыг хориглодог атал баахан зураг төсөлгүй байшин бариулахаар оруулж ирж байна хэмээн шүүмжилснээс үүдэн салбарын шинэ, хуучин хоёр сайдын хувьд удтал маргаан дэгдэв. Эцэст нь байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Төслийг бүхэлд нь дэмжье” гэсэн саналын томьёоллоор гишүүдийнхээ саналыг хурааж, олонхын саналаар дэмжсэн санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )