Цөвүүн цаг иржээ , ялагдсан нөхдүүд гишүүн болдог л юм байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Өвөрхангайн тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшин, ард түмний илт давуу санал авч, нутгийн зон олны итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д ирсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг УИХын сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн “өвдөг шороодсон” “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар гомдол гаргасан. Гэсэн ч ард түмний саналаар ялалт байгуулсан хоёрын талд давж заалдах шатны шүүх шийдвэр гаргасан ч эрх мэдлээр далайлгасан АН-ынхан санасандаа хүрлээ.

    Өчигдөр СЕХ хуралдаж дээрх хоёр нэр дэвшигчийн нэрийг татах талаар хэлэлцэж буйг Монгол Ардын Намын гишүүд сонсч, СЕХ-ны удирдлагуудтай нүүр тулан уулзах хүсэлт тавьсан юм. Гэвч СЕХ-ны удирдлагууд бид асуудлыг хэлэлцэж байна гэсэн хариу өгсөн нь далдуур луйвар хийж байсныг илтгэв. Тиймээс ч хаалттай хаалганы цаана нууцаар хуралдсан СЕХ-ны удирдлагууд үүдэнд хүлээж байсан сэтгүүлчид болон жирийн иргэдээс эмээсэндээ хурлын шийдвэрээ ханцуйлаад арынхаа хаалгаар зугтсан юм.

    Нууц хуралдааны шийдвэрийг Төрийн ордны зүг авч зугтсан тус хорооныхон Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргаснаа УИХ-ын даргад яарч сандран танилцуулжээ. Энэ мөчийг л УИХ-ын дарга З.Энхболд тэсэн ядан хүлээж байж. Намынхаа хүсэлтийг ёсчлон биелүүлсэн тэд ихэд сэтгэл хангалуун байгаа нь илт харагдав. Хууль зөрчин байж ард нийтийн саналыг хулгайлсан тэдэнд ард түмний эрх ашиг, тэр тусмаа Өвөрхангай хэмээх Монгол Улсын нэгэн аймгийн олон мянган иргэний итгэл, сэтгэл огт хамаагүй аж. Өнгөрсөн хугацаанд Монгол Ардын Намын удирдлагууд СЕХ-нд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын бүрэн эрхийг баталгаажуулж тангараг өргөх асуудлаа хурдхан шийдээч ээ гэсэн шаардлагыг байнга тавьж ирсэн.

    Удаа дараа шаардлага хүргүүлсэн ч СЕХ энэ асуудал шүүх дээр байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрийг харж байж бид эцсийн хариу өгөх ёстой гэдэг байв. Харин Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай аймгийн сум дундын шүүх Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Хан-Уул, Өвөрхангайн шүүхийнхэн “АПУ” компанийн мөнгөнд сөхөрч, хуулийг гууль болгосон билээ. Уг асуудлаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын талд шийдсэн ч Г.Батхүү нар Улсын дээд шүүхэд хандаж цаг уясан юм. Харин Г.Батхүү нар өргөдөл гомдлоо татсан учраас Улсын дээд шүүхийн хуралдаан болоогүй.

    Гэтэл Г.Батхүү нар Өвөрхангайн сум дундын шүүхээр давж заалдах эрхгүйгээр өөрсдийн талд шийдвэр гаргуулсан учраас ийнхүү өргөдлөө татсан байж. Энэ мэтээр сонгуулиас хойш тодорхой хариу гаргаж өгөхгүй гүрийж байсан нь СЕХ-ны даргыг солихыг хүлээж байсантай холбоотой аж. СЕХ-ны дарга асан Н.Лувсанжавыг АН-аас шахаж, өөрөөр нь ажлаа өгөх өргөдөл өгүүлсэн гэдгийг ч эх сурвалж хэлсэн. Харин түүний оронд Ч.Содномцэрэн хэмээх АНаас УИХ-д сууж, Засгийн газарт ажиллаж байсан нөхрийг даргаар томилсон нь Г.Батхүүгийн луйврыг биеллээ олоход нь ташуур болов.

    Өчигдөр СЕХ-ны гэнэтийн хурлын шийдвэрийг сонсох гэж хэвлэл мэдээлэл болон Монгол Ардын Намын гишүүд энэ байгууллагын үүдэнд хоёр цаг гаруй хүлээсэн. Гэтэл СЕХ-ны гишүүд гаргасан шийдвэрээ ч танилцуулалгүйгээр нууц хаалгаараа гарч Төрийн ордны зүг “сүүл хавчин” зугтааснаас харахад АН-ынхан ард түмнээс ямар их айж хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой. Энэхүү байдлаас харахад Монгол Улсад хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж хэн, хэний төлөө ажилладаг нь ил болчихлоо. АН энэ удаагийн сонгуульд олонхи болж чадаагүй. Тиймээс ч “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг барьж байгаа. Энэ байдал тэдэнд хүнд туссан.

    Учир нь АН-ын шударга бус үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй гишүүд хамтрагчид дунд цөөнгүй байгаа нь тэднийг 39-ийн тоо уруу улайрахад хүргэсэн билээ. Тиймээс С.Чинзориг, Н.Төмөрхүү нар бол АН-ын олонхи болох гэсэн улайрлын золиос боллоо. Шүүх эрх мэдлээр далайлгаж, дарангуйлж энэ мэт асуудлыг шийдлээ ч саналаа өгсөн ард түмний итгэл сэтгэлийг чухам яах гэж байгаа юм бол доо. С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт саналаа өгч итгэлээ дайж мордуулсан өвөрхангайчууд Г.Батхүү, Д.Зоригт нарыг хүлээж авахгүй нь тодорхой. Тэгэхээр Өвөрхангайн данстай ч нутагтаа очиж чаддаггүй хоёр гишүүнтэй болж байна. Мэдээж тэднийг Өвөрхангайд очиход нутгийн олон чулуугаар шидэх байлгүй. Г.Батхүү, Д.Зоригт нарыг хараад өвөрхангайчууд төдийгүй монголчуудын дотор нь муухайрах байлгүй дээ.

Д.Мягмарсүрэн

Эх Сурвалж: "Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top