Төсвийн байнгын хорооны өнөөдрийн/2012.10.17/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр тус хуулийн төслийн танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах бүрэн эрхийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харин урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох зориулалтаар Засгийн газрын нэрийн өмнөөс зээл авах, Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эдлэхээр хуулийн төслүүдийг боловсруулсан юм гэж онцоллоо.
Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдаас, нэг яам нь бодлого гаргачихдаг, нөгөө яаманд очоод зөрчил, давхардал гарахгүй гэх үндэслэл байгаа эсэхийг асууж тайлбар авлаа.
Мөн УИХ-ын гишүүүн С.Баярцогт асуудалтай холбогдуулж асуулт асууж, хуулийн төслийн хэд хэдэн заалтад нэмэлт оруулах санал орууллаа. Тодруулбал, хуулийн төслийн “11”.1.1. хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, “ гэсний дараа төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөх гэж, “11.1.14 төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох”, гэсний ард тухайн жилийн төсөв болон төсвийн тодотголтой хамт батлуулах гэж нэмэх санал оруулж, уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авлаа.
Ингээд Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )