Ө.Энхтүвшин: Мандат дээрэмдэж байна шүү дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

МАН-ын эсэргүүцлийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшиж түр үнэмлэхээ аваад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар маргааш тангаргаа өргөж, УИХ-д орж ирүүлэхээр болсон билээ. Энэ шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр гаргасанд ийнхүү эсэргүүцэж, МАН-ын гишүүд УИХ-ын даргын зөвлөлийн хуралд орж эсэргүүцлээ илэрхийлэв. Энэхүү үйл явцыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Cонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр хууль бус. Сонгогчдын саналыг уландаа гишгэлээ. Ардчилал байхгүй болж байна. Тиймээс маргааш тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулаач гэдэг шаардлага тавьж байна. Яагаад гэвэл энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа”

УИХ-ын дарга З.Энхболд: “Чуулган маргааш 10.00 цагаас хуралдана. Түүн дээр ороод наадах асуудлаа тавь. Би мэдэхгүй. Бүгдээрээ шийднэ”

УИХ-ын гишүүн Су.Батболд:  “Бүгдээрээ байгаа дээрээ одоо шийд. Ярь гэдгийг шаардаж байна. Та нар ярих юмаа ярьдаг, ярихгүй юмаа ярьдаггүй байж болохгүй. Ийм парламент гэж байдаг юм уу”

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:  “Энэ чинь юу болоод байна. Мандат дээрэмдэж авч явж байна шүү дээ. Үүнийг өөгшүүлж болохгүй”

УИХ-ын гишүүн Н.Энхболд: “Монголд орон юу болоод байна. Бид энэ талаараа шаардлага тавьж байна. Үүнийг яагаад авч үзэхгүй байгаа юм”

УИХ-ын дарга З.Энхболд: “Сонслоо. УИХ дээр ярих асуудал”

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “УИХ-ын 25 гишүүн, цаашлаад хагас сая сонгогчийн төлөөлөл зогсож байна. З.Энхболд чи хууль бусаар томилогдсон. УИХ-ын дарга мөн үү гэдгийг асуумаар байна”

УИХ-ын гишүүн С.Баярцогт: “Ярьдаг газраа ярь”

УИХ-ын гишүүн Н.Энхболд:  “УИХ-ын даргынхаа байр суурин дээр бай. Нэг намын зодуурын хүүхэд шиг л байна. УИХ-ын дарга гэдэг чинь алтан дунджийг барьдаг албан тушаал. Ямар суудал дээр сууж байгаагаа ойлгох хэрэгтэй. Үүнийгээ ойлгохгүй гурван сар явлаа”

УИХ-ын дарга: “Ойлголоо”

УИХ-ын гишүүн С.Батболд: “Бид бүх асуудал дээр тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаа. Тэвчээртэй байна гэдэг бол сул байгаан шинж биш. Биднийг ингэж буруу талаас нь ойлгоод дарамт шахалт үзүүлж болохгүй байх гэж бодож байна. Хамтраад юмыг босгож, бүтээсэн туршлагатай улстөрчид байгаа. Бидний тавьж байгаа асуудал зарчмынх. Тиймээс урьдчилж орж ирээд саналаа хэлье гэсэн нь энэ. Эрх биш хариуцлагатай, туршлагатай улстөрчид байгаа учраас бидний ярьж байгаа зүйлийг углуургаар нь ойлгох байх. Бидний тэвчээрийг ингэж шалгах нь улс оронд сөрөг зүйл болно. Үүнийг нухацтай бодооч. Аргаа ядсан, аашаа гаргах гэсэн алхам биш юм аа”

УИХ-ын дарга З.Энхболд: Асуудлыг одоо энд ярилцъя.  Ө.Энхтүвшин гишүүн зөвлөлийн хуралдаа суучих. Бусад нь гарч болно. Тэгээд хурлын шийдврийг бусаддаа хэлнэ биз  гэснээр энэхүү үйл явц өндөрлөв.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top