Сонгуулын үеэр болон сонгууль дууссанаас хойш УИХ-ын гишүүн болох гэж улайран зүтгэж яваа хэсэг нөхдүүд байна. Тэд хэн бэ гэдэг нь тодорхой. АН-аас угшилтай хэнбугай боловч албан тушаал, ашиг сонирхолд дуртай байдгаас хойш. МАН-ыг ч мөн адил магтан дуулахын арга байхгүй. Аль аль нь арван хуруу тэгш биш шүү дээ хөөрхийс. Хүнээр бол МАН олон оймс элээсэн тулхтай нэгэн байхад харин АН амны салиа нь арилаагүй, ааш зан нь тогтоогүй, юм үзэж нүд тайлаагүй нэгэн болох нь шинэ засаг бүрэлдэж эхэлсэнээс хойш анзаарагдлаа.
Сүүлийн үед өнгөрсөн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ-ын зарим тойргуудын маргаан асуудал болон ар араасаа цувран босч ирж байна. Ямартай ч ирэх сарын сүүлч гэхэд Их Хурал маань элэг бүтэн болох чигтэй. Зарим нэг зальт этгээдүүд гишүүн болох гээд гэгэлзэн тэмүүлж өдөр хоолгүй, шөнө нойргүй хонодог болж. Өнгөрсөн 9-р сараас эхлэн одоог хүртэл шүүхийн үүдийг манаж, наагуур цаагуур амь нь тэмцэж яваа тэр хүн бол УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, Ерөнхийлөгчийн хүн гэсэн тодотголтой Л.Эрхэмбаяр юм. Хийсэн булхайгаа булшлах гэж гэмгүй царайлан шүүхийн үүдээр эргэлдэнэ. Учир нь тэрбээр Сонгуулийн дүнг нэгтгэсэн албан ёсны тогтоол Сонгуулийн Ерөнхий Хороонд оччихоод байхад тэрхүү тогтоолыг үгүйсгэн, тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгтэй үгсэн зөвхөн тэдний л мэдэх 43 дугаар тогтоол гэгчийг хуурамчаар үйлдэн Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд байгаа билээ.
Л.Эрхэмбаяр шүүхэд нөлөөлсөн үү ?
Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны дарга Б.Ганцэцэг хорооны гишүүдээ талцуулж хоёрдмол утгатай сонгуулийн дүн гаргаж ирсэн, хүчинтэй саналаас тоолж сонгогчийн хувийг гаргасан хууль бус үйлдлийг тодорхой баримтуудаар нотлогдсон. Гэтэл Сонгуулийн Ерөнхий Хороо зөвхөн нэг л тогтоол хүлээж авсан. Тэр бол УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 тоот тогтоол юм. Энэ тогтоолын дагуу одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нар сонгогдсон гэдгийг албан бичгээр Захиргааны хэргийн шүүхэд тайлбарласан байдаг. Тэгэхээр Б.Ганцэцэг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Уг нь Л.Эрхэмбаяр, Б.Ганцэцэг нарын хүслээр асуудлыг шийдье гэвэл тойргийн хорооны дарга нь гарын үсэг зурах нь байтугай харж ч байгаагүй, СЕХ-нд хэзээ ч хүргэгдээгүй тогтоолд үндэслэн сонгуулийн дүнг гаргах ёстой гэнэ. Заавал шүүх цагдаа гэлтгүй намынх нь жирийн гишүүн ч ийм зүйл байж болохгүй гэдгийг мэддэг. Ийм бусармаг, ардчиллын үнэт зүйл болох ард түмний санал хураалтын үр дүнд хууль бусаар нөлөөлсөн үйлдлээ хамгаалахын тулд Л.Эрхэмбаяр шүүхэд хандсан.
Хачирхалтай нь Захиргааны хэргийн шүүхээс Л.Эрхэмбаярыг тусгайлан харж үзсэн гэмээр шийдвэр гаргасан байдаг. “Санал хураалтын дүнгийн тухай 48 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн нэр дэвшигч бүрийн авсан саналын тоогоор дараалал тогтоосон жагсаалтын 3 дахь хэсгийн Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэсэн өгүүлбэр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 20-ны 181 тоот тогтоолд бичээстэй байна. Түүгээр ч барахгүй энэ талаар үнэнийг өгүүлсэн тус тойргийн хорооны дарга М.Баасандорж хэвлэлд ярилцлага өгсөн гэж нэр дэвшигч Л.Эрхэмбаярт дарамтлуулах болсон тухай ихэнх хэвлэлээр шуугиад өнгөрсөн. Үнэн үг хэлсэнийх нь төлөө өс санаж явдаг хүн төрийн түшээ байж чадах уу. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Энэ бүхнээс үзэхэд бусад хүмүүс шударгаар өрсөлдөж Ерөнхийлөгчийн хүн хууль зөрчсөн хэрэг болоод байна. Хаана байна эрхэм Ерөнхийлөгчийн яриад байдаг шударга шүүх. Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураах үйл ажиллагаа энэ сарын 21-нд товлогдсон. Харин Л.Эрхэмбаяр зөвлөхийн хууран мэхлэлт, хуурамч үйлдэл нь хэдийнэ илчлэгдчихээд байгаа бололтой. Ардчилсан намд түүнээс ондоо төр түшилцэх хор нь гарсан хир нь арилсан хүн байдаггүй юм болов уу?
Б.Ганцэцэгийн шагнал албан тушаалын амлалт
Л.Эрхэмбаяр нь шүүхэд дээрх байдлаар зарга мэдүүлээд зогсохгүй өөрийнх нь заргыг шүүх эцэслэн шийдвэрлэтэл тухайн тойрогт дахин санал хураалт явуулах боломжгүй болгох нөхцөлийг үүсгэхээр зүтгэж байгаа сураг дуулдаж эхлээд удаж байна. Нөгөөтэйгүүр Л.Эрхэмбаяр, Б.Ганцэцэг нарын энэхүү хууль бус үйлдэл нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй төдийгүй Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм байна.
Харин ийнхүү төрийн хуулийг уландаа гишгэлэн улайм цайм хуурамч тогтоол үйлдсэнийхээ хариуд Б.Ганцэцэг нь өдгөө Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын өндөр сэнтийд залраад байгаа нь анхнаасаа зориуд зохион байгуулсан АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн оролцоотой увайгүй үйлдэл гэдэг нь тодорхой. Нэгэнт АН олонх болсон болохоор шүүх бидний талд үйлчлэх л болно гэсэн муйхар бодол тэдний тархинд бат шингэжээ. Ямар нэгэн хүн суусан газраасаа шороо атгаж явдаг бол Л.Эрхэмбаярын хувьд явсан газартаа балаг тарьж, бантагнуулж орхиод сурсан зангаараа худлаа ярьж нүглийн нүдийг гурилаар хуурдаг нэгэн гэнэ. Тэрээр Архангай аймгаас угшилтай АН-аас үүсэлтэй нэгэн. Түүнийг Архангай аймгийн засаг дарга байхдаа албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл их гаргаж байсан гэж нутгийн сонгогч түмэн ярьдаг юм билээ.
Орон нутгийн сонгуулийн чимээ ч ойртлоо. Сонгинохайрханы сонгогч түмэн хэнийгээ сонгохоо өөрсдөө болгоох биз ээ.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )