О.Баасанхүү гишүүн томров

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Үдээс хойш хуралдуулахаар зарлаад байсан УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж эхлэлгүй бүтэн цаг гаруй хугацааг өнгөрүүлж байна. Чуулганы танхимыг МАН-ын бүлгийн гишүүд бүсэлчихсэн дотогшоо хэнийг ч нэвтрүүлэхгүй гэж уриа лоозонгоо барин сууцгааж байна.

Чуулганы хуралдаанд орох гэсэн АН-ын болон бусад намын гишүүд танхимынхаа үүдээр эргэлдэж МАН-ын гишүүдэд хандаж үг хэлцгээж байлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Өглөө гишүүдийг ордны хаалгаар оруулахгүй байсан. Бид үүнд тэвчээртэй хандсан. Одоо харин УИХ-ын гишүүд байж чуулганы үүдийг хааж болохгүй. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд бид чуулганаа эхлүүлээд бүгдээрээ дотор ороод ярих хэрэгтэй. Хэдий ардчилсан нийгэм ч гэсэн ингэж эсэргүүцлээ илэрхийлж болохгүй. Хэдий болтол ингэж суух вэ. Сууж дууссаныхаа дараа хэлээрэй. Үүний дараа танхимдаа орж хурлаа хийе. Бид шүүхийн шийдвэр зөрчсөн юм байхгүй. Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг дагах ёстой. Бид анхдугаар хуралдаанаас хуулиа мөрдөөд явсан бол байдал өнөөдөр ийм болохгүй байсан. Тиймээс үдээс хойших хуралдаанаа үргэлжлүүлэн зааландаа ороод хэлэлцье” гэсэн саналыг тавилаа.

Хариуд нь МАН-ынхан та нар танхимд орохоороо хүчиндэнэ шүү дээ. Тиймээс бид суултаа үргэлжлүүлнэ хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Бид та нарыг ойлгож байна. Тиймдээ ч өглөө чуулганд орж ирж суугаагүй. Ерөнхийдөө та нарыг дэмжиж байгаа. Гэхдээ та нар манай намын дарга Н.Энхбаярыг яллаж байхад яагаад үг дуугараагүй юм бэ. Тэр үед салбарын сайд нь хүртэл танай намын хүн байсан шүү дээ. Ямарваа нэг юмны хариу заавал эргэж ирдэг юм. Тэр цаг чинь ирчихээд байна” хэмээн томорлоо.

Мөн гишүүн Ц.Оюунгэрэл: "Ардчилалын үнэ цэнийг одоо л мэдэрч байна. Би яг одоо долоон Гүндалайг харж байх шиг байна. Яагаад вэ гэвэл та бүхнийг төр засаг барьж байх үед Гүндалай ганцаараа ингээд сууж байсан юм. Ардчиллын үнэ цэнг мэдэрч байгаад чинь баярлаж байна” хэмээн хэлээд явж одсон юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top