Төрийн ордны гадаа жагсаал хийж эрхэм гишүүдийг дотогш нэвтрүүлээгүйгээс өнөөдрийн чуулганы ирц хүрэлгүй үдээс хойш болтол завсарлав. Энэ хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд хуралдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, удахгүй болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих талаар ярилцлаа. Тэд УИХ-д суудалтай 4 намын эмэгтэйчүүдийн байгууллагуудыг оролцуулан, нам харгалзахгүй нэр дэвшигч эмэгтэйчүүдээ дэмжих хэвлэл мэдээллийн аян өрнүүлэхээр боллоо. Мөн эмэгтэй гишүүд зохион байгуулалтаа сайжруулан 3 хэсэг болж ажиллахаар болов. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ нар нийгмийн бодлого буюу сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн асуудлыг, М.Батчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар шууд ардчилал, нээлттэй засаглал, авилгатай тэмцэх асуудлыг, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн дарга нар болох Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл, С.Оюун нар жендерийн тэгш байдал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хариуцан авч ажиллахаар тогтлоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )