Л.Гүндалай: МАН-ынхан миний патентыг хулгайлсан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Өдөржин чуулганы танхимыг сахиж суусан МАН-ынхан үйл хэргээ өнөөдөртөө ингэсгээд өндөрлөх чигтэй болж гишүүд нь нэг нэгээрээ босч одон тус намын дарга Ө.Энхтүвшин, гишүүн С.Бямбацогт нар суудлаа сахиж үлдлээ. Өнөөдрийнхөө үйл ажиллагааг маргааш үргэлжлүүлэх нь тодорхой болж УИХ-ын чуулган хуралдсан ч үгүй нэг өдрийг барлаа.

УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш төрийн ордноор төдийлөн харагдаад байдаггүй УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр гэнэт явж харагдав. Тэрээр Ардын намын гишүүдтэй уриалагхан гэгч нь гар барин мэндчилж цааш өнгөрөхдөө сэтгүүлчдийн өмнүүр мэнд мэдэн явж одлоо.

Ингээд хэсэг хугацааны дараа дахин ирж УИХ-ын гишүүн С.Бямбацогттой бяцхан маргаан өрнүүлээд хэсэг зогсож зарим асуултанд хариулт өглөө.

-Та цагтаа мөн ингэж цаас барин чуулганыг эсэргүүцэж байсан. Өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлыг юу гэж тунгааж байна вэ?

-МАН-ынхан орчин үеэсээ арван жилээр хоцорсон байна. Энэ хүмүүс ардчиллыг буруу ойлгосноосоо болоод хууль зөрчиж чуулганы үйл ажиллагааг тасалдуулж байна. Төрийн үйл ажиллагааг явуулахгүй чуулганы танхимыг хааж байгаагаараа мөн дээр нь патентийн хуулийг ч зөрчиж байна. Энэ бол миний патент. Энэ хүмүүс надтай гэрээ хэлэлцээр хийгээгүй, мөнгө төлөөгүй. Энэ бол миний арга барил учраас би үүнийг зөвшөөрөхгүй. /инээв/

Үүгээрээ бид 10 жилээр хоцроод явж байгаагаа харуулж байна. Энэ хүмүүс УИХ-д гучин хоёруулаа. Гэтэл ганц хүний хийдэг аргыг хэрэглээд байна. Нэг сандал дээр нэг л хүн сууж болно. Гучин хоёр хүн нэг сандал дэр хэзээ ч сууж болохгүй.

-Улстөрчийнхөө хувьд Өвөрхангайн тойргийн маргааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Өвөрхангай аймгийн хувьд ардчилсан намаас гарсан гишүүд тангаргаа өргөх нь зөв гэж бодож байна. Өмнө нь сонгуулийг их луйварддаг, хуулийг зөрчдөг байсан. 2012 оны сонгуульд хууль зөрчиж, мөнгө тарааж сонгогдсон гишүүдийг ч бас буцаан татах хэрэгтэй гэж би бодож байгаа.

-Таныг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдох гэнэ гэсэн мэдээлэл гадуур гараад байна. Энэ үнэн үү?

-Би сонгуулиас хойш Хөвсгөл явсангүй. Харин тийм яриа гараад л байгаа. Тийм бодол ч одоогоор алга. Сайхан амраад л гэртээ сууж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top