МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн эсэргүүцэл өнөөдөр үргэлжилж байна. Энэ талаар парламентад суудалтай нам, эвслийн төлөөлөл болон бие даагч гишүүдээс тодруулснаа хүргэе.
Бид тодруулгаа ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс эхлүүлсэн юм. Түүний МАН-ын гишүүдийг “эргэсэн”, чуулганд суух гэж ирснийг мэдэхгүй ч МАН-ын гишүүдтэй ярилцаж байсан юм. Харамсалтай нь тэрбээр тодруулга өгөхөөс татгалзсан юм.
С.Дэмбэрэл: ИЗНН-аас тайлбар өгөхгүй
- Өнөөгийн үүссэн нөхцөл байдалд ИЗНН ямар байр суурьтай байна вэ?
- ИЗНН-аас тайлбар өгөхгүй. ИЗНН хэнийх нь ч талд орохгүй.
- Яагаад, хувь хүний хувьд тэгвэл хэрхэн дүгнэж байна вэ?
- Ажлаа л хиймээр байна. Төсвөөс эхлээд шийдвэрлэх хэрэгтэй асуудал байгаа.
Үүний дараа бид “Шударга ёс” эвслийг төлөөлүүлэн З.Баянсэлэнгэ гишүүнээс тодруулга авлаа.
З.Баянсэлэнгэ: Шударга ёс эвсэл шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөнө
- Чуулганы танхимын хаалгыг хаан эсэргүүцэл илэрхийлж байгааг хувь хүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
- Хувь хүний зүгээс АН-ыг буруутгаагүй. МАН-ын гишүүдийг ч дэмжиж байгаа зүйл байхгүй. МУ-д хууль бус үйл ажиллагаа явуулсан хуулийн байгууллага, СЕХ хэт нэг намын эрхшээлд орвол хууль бус үзэгдэл гаргадаг энэ шийдвэр зогсохгүй. Өөрөөр хэлбэл аль нэг нам, улс төрийн хүчний, хууль хяналтын байгууллагуудыг авах нь буруу үзэгдэл, жишиг тогтоно. Ардчиллын үнэт зүйлсээ устгаж, ухралт болно. Өмнө нь МАН ч гэсэн хууль бус шийдвэр гаргаж байсан. Энэ байдлаа өнөөдөр өөрсдөө мэдэрч байна.
- Ордны гаднах жагсаал, ордон доорх жагсаал бас өөр байна, тийм үү?
- Төрийн ордонд дулаан орчинд сууж байна. Бид өвөл -39 хэмийн хүйтэнд энэ байдлыг нь хэлээд зогсож л байсан. Тухайн үед энэ хүмүүс бидэн шиг шударгаар дуу хоолойгоо илэрхийлж байсан бол өнөөдөр баярлах байлаа. Өнөөдөр гэнэт ингэж шударга ёсны төлөө тэмцэж байгаа нь сонин л харагдсан.
- “Шударга ёс” эвслийн МАХН нь МАН-ыг, МҮАН нь АН-ыг дэмжиж байна гэсэн яриа байна?
- Хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. МАХН, МҮАН-ы эвслээс парламентад 10 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэдгээр хүмүүс шударга байхад анхаарч дуу хоолойгоо өргөж байна.
Төрийн ордонд Ардчилсан намыг төлөөлөн УИХ-д суусан гишүүд цөөн харагдав. Улмаар Г.Баярсайхан гишүүнтэй төрийн ордны коридорт тааралдан тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой.
- Ангийнхныхаа суултыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Ардын намын гаргаж байгаа үйлдэл нь төрийн үйл ажиллагаа, чуулганыг тасалдуулж байгаа нь зохисгүй гэж бодож байна. Үнэхээр шударга ёс гэж ярьж байгаа бол чуулганы хуралдаанаа эхлүүлээд хуралдаан дээр энэ асуудлаа ярьж шийдэх хэрэгтэй. Гишүүд дотор өөр өөрийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Тиймээс хуралдаанаараа энэ асуудлын хэлэлцэх, хойшлуулах эсэхийг хэлэлцэх хэрэгтэй.
- АН олонхоороо асуудалд хандсан уу?
- Бид шүүх засаглал, Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлж чадахгүй. Сонгуулийн саналыг худалдаж авч болохгүй. Эхний сонгуулийн саналыг худалдаж авсан учир хуулийн дагуу л шийдвэрлэгдсэн гэж бодож байна. Цөөнх байна гэдэг маш хариуцлагатай. Цөөнх байснаараа юмыг хааж боож, хүчээр шийдэж болохгүй. Цөөнх байх тусмаа улс төрийн мэхийг уран хийх хэрэгтэй. Биднийг чуулган эхлэх юм бол бүгдийг хүчээр хэрэглэнэ гээд байгаа. Харин даргын зөвлөлийн хурал дээр анх удаа хүч хэрэглэж дайрч орж ирэхийг харлаа. Бид яриа хэлэлцээр хийхэд хэзээд бэлэн.
Үүний дараа бие даагч гишүүдээс тодруулга авах гэсэн боловч нэг нь ч харагдсангүй. Улмаар МАН-ын туршлагатай улс төрчдийн нэг болох Д.Лүндээжанцангаас тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хуулийг улс төрийн зорилгоор ашигладаг юм биш
- Хэзээ болтол суулт хийх вэ?
- Хуулийг шударга ёстой нийцүүлж гаргадаг. Тэрнээс биш хуулийг улс төрийн зорилгоор ашигладаг юм биш. Үндсэн хуулийн дагуу шударга шүүхээр шүүгдэх, гомдол гаргах эрхтэй. Нэг намын захиалгаар сонгуулийн ерөнхий хороо, шүүх, прокурор ажиллаад байвал Монгол орон мөхөлд орно. Өнөөдөр сонгуулийн ардчилал, парламентийн ардчилал алдагдаж ард олны сонголтыг хүндэтгэхгүй байна. Тэгэхээр парламентаа эхлээд засаж байж хуралдаа орно. Үйл явдлын өрнөлийг харж байж суултаа үргэлжлүүлэхээ шийднэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
medrelyyd