Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нээлттэй мэтгэлцээнд урилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага болон ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалт  нар мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалт нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөнөөсөө хойш хууль зүйн салбарт хүчин зүтгэж байгаа ажээ. Тэрээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нээлттэй ил тод, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө шууд мэтгэлцээнд урьж байгаагаа мэдээлсэн юм. Учир нь тэрээр хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэлт, шийдвэрийг нь дэмжиж УИХ-д гарч сайд болоосой хэмээн хүсч, адилхан залуу хуульчийн хувьд дэмжиж байсан гэлээ. Гэтэл сайд болсноосоо хойш түүний хийж буй бодлого шинэтгэлүүд бодит амьдралаас хол, онолын түвшинд байгаа нь шүүхийн өмнө үргэлж хохирч гомдолтой байдаг олон иргэний эрх ашигт нийцэхгүй байна гэв. Учир нь тус төрийн бус байгууллагад хууль, шүүхтэй холбоотой арав гаруй мянган гомдол ирсэн байдаг. Үүний дотор шүүхийн хууль бус шийдвэртэй холбоотой гомдол дийлэнхийг эзэлдэг аж. Түүний онцолж буйгаар иргэд шүүхийн өмнө адил тэгш байх эрхийг нь хязгаарлаж, хууль бус шийдвэр гаргадаг шүүгчдэд хариуцлага тооцох “шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хууль” байхгүй байна гэсэн юм. Тодруулбал, хүн хувцас оёулахдаа хэмжээгээ өгөхгүй бол тухайн хувцас таарахгүйтэй адил бодлого, шинэтгэл хийхдээ иргэдээс судалгаа авч, санал бодлыг тусгахгүйгээр хууль баталвал тэр хууль иргэдэд таарахгүй гэж тайлбарласан. Түүнчлэн хуулийн хүрээнд Хууль зүйн сайд нь шүүхийн байр сууцны асуудалд оролцдог тогтолцоо байхгүй гэв. Түүний дараагийн хийсэн мэдээлэл бол тэрээр ИЗНН-аас орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэсэн боловч бүртгэхээс татгалзсан явдал юм. Учрыг тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн тухай хуулийн 59.7-д заасан үндэслэлээр бүртгээгүй бөгөөд Захиргааны шүүхэд хандаж болно гэжээ. 7-р маягт гэсэн хүснэгтийг бөглөөгүйг үндэслэн бүртгээгүй ажээ.

Харин тус ТББ нь уг мэтгэлцээнийг зохион байгуулж байгаагийн дээр ирэх сарын 25-нд “Хуульчдын зөвлөгөөн-3”-ийг зохион байгуулах гэж байгаа ажээ. Мөн тус байгууллага хууль, шүүхийн ажилчмидын буруугаас хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг байнга хүлээн авдаг юм байна. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Бид цаашид урвагч төрийн албан хаагчидтай тууштай тэмцэнэ” гэсэн юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top