МАН-ынхан хаалга даран сууж, төсөв гацав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

УИХ дахь МАН-ын гишүүдийн суулт хоёр дахь өдрөө үргэлжлэн өмнөх өдрийн адилаар УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулсангүй. Өнөөдрийн байдлаар МАН-ын жагсагч дэмжигчдийн тоо өмнөх өдрийнхөөс нэмэгдсэн хэдий ч тодорхой зүйлгүй өндөрлөсөн.

Харин гудамжинд жагсагч нөхдөөсөө илүүтэй МАН-ын бүлгийн гишүүд суултаа үргэлжлүүлэн ажлын цаг тарахыг хүлээн чуулганы танхимыг отон сууна. Тэд суухдаа зүгээр нэг суусангүй. Тусгай самбар дээр АН-ынханд хандсан зүйр үгс болон афоризмуудыг бичиж өлгөжээ.

Ямартай ч энэ долоо хоногт хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадсангүй долоо хоногийг дуусгалаа. Энэ байдлаас үүдээд маш олон хэлэлцэгдэх асуудал хойшлогдлоо. Тухайлбал ирэх оны төсөв энэ долоо хоногийн сүүлээр хоёр дахь хэлэлцүүлэгтээ орох байсан нь талаар болж гацлаа.

Ийнхүү хоёр өдрийн турш чуулганы хуралдааныг гацаасан МАН-ынхан ирэх долоо хоногт ч мөн адил энэ байдлаа үргэлжлүүлэх төлөвтэй. МАН-ын зүгээс нэг л юм хүсч байгаа нь маргаантай асуудлууд дээр зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж байгаа бол АН-ынхан эсрэгээрээ чуулганы хуралдааныг зарлаж Өвөрхангайн тойргийн асуудлыг хүчээр нэг тийш болгох гэж улайрч байгаа сурагтай.

Мөн МАН-ын зүгээс Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон Уран олборлох асуудал дээр сөрөг байр суурьтай байгаа ба тус төсөлт тусгагдсан 50 орчим тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулах гэсэн асуудлууд дээр санал нэгдэхгүй байгаа нь тодорхой юм. Шинэчлэлийн Засгийн газраас гаргаж байгаа шинэ шинэ хөтөлбөрүүд нь тийм ч шинэлэг биш бөгөөд асар их алдаа дутагдалтай гэдгийг сөрөг намынхан дүгнэж байгаа аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top