УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар өнөөдөр /2012.10.19/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг Су.Батболд, С.Батболд, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Энхболд нарын нэр бүхий найман гишүүн санаачлан боловсруулжээ.
1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар улс төрийн болон төрийн жинхэнэ албыг зааглаж, тухайлбал, улс төрийн албан тушаалд сонгогдох юмуу, түүний үр дүнгээр томилогдох замаар, харин төрийн жинхэнэ албанд мэргэшлийн шалгалт өгөх замаар ордог тогтолцоонд шилжсэн билээ. Төрийн суурь үйлчилгэг үзүүлэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний алыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн жинхэнэ албыг цомхон бөгөөд чадварлаг болгох чухал ач холбогдолтой хэмээн гишүүд үзжээ.
Иймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын ерөнхий менежер, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд санал болгох чиг үүргийг Төрийн албаны зөвлөл, тэдгээрээс бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргах эрхийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, харин салбар зөвлөлгүй төрийн албаны тухайд томилох эрх бүхий этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэх саналаа ийнхүү УИХ-ын даргад танилцуулсан юм. Одоогоор дээр дурьдсан албан тушаалд 63 хүн ажиллаж байгаа бөгөөд эдгээрт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгуууллагын ажилтнуудыг оруулаагүй аж.
Мөн Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын чанартай хуулиудад янз бүрээр тусгагдсныг жигдэлж, нэг хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч гишүүд УИХ-ын даргад танилцуулав. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ажиллахнөхцөл, нийгмийн баталгааг хангахтухай хууль гэсэн бие даасан хууль байж болохыг ч хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Deadly accurate answer. You”ve hit the bulsleye!