Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль”–д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан юм.

Уг төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгасан байна. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-ийн гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж явсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүх ажиллагаанд хэрэглэхдээ улсын яллагч болон өмгөөлөгчид танилцах боломж олгохгүй байгаа хуулийн зохицуулалт нь мэтгэлцээний зарчмыг алдагдуулж, улсын яллагч, өмгөөлөгчийг нотлох баримттай бүрэн танилцахад саад учруулж байна хэмээн гишүүн үзэж байгаа аж.

Мөн тэрээр хэлэхдээ, Энэ заалт хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, шууд тулган ял оноох арга хэрэгсэл болж ирлээ. Тухайлбал, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 5 дугаар зүйлийн 1-д “Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр уг Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй”. 2-т “Энэхүү Пактад оролцогч аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа үндсэн эрхийг тус Пактад хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаар хязгаарлах эсхүл бууруулж болохгүй” гэх заалтуудыг зөрчиж байгаа юм хэмээн УИХ-ын даргад тайлбарлалаа.

Тиймээс уг хуулийн төслөөр гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг шүүгч нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэхдээ шүүх хуралдаанаас нотлох баримтын хэмжээнд дурьдах эсэхээ урьдчилан шийдвэрлэх тухай зохицуулалтыг нэмж оруулж байгаа юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top