Сонгуулийн ерөнхий хороо нь УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх боломжтой хэмээн үзэж, энэхүү саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын гишүүд эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногт чуулганы үйл ажиллагааг тасалдуулсан билээ. Гэвч УИХ-ын зүгээс өнөөдөр 15.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан зарлаж, Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэхээр хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд тавигдсаныг МАН-ын гишүүд эсэргүүцэн, суултаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн ч хоёр талаас тодорхой зөвшилцөлд хүрсэн юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Маргааш /өнөөдөр/ үдээс хойш зарлагдсан чуулганы нэгдсэн хуралдаанд танай бүлгийн гишүүд оролцохоор болж, хоёр талаасаа ойлголцсон гэсэн үг үү?
-Ө.Энхтүвшин дарга бид хоёр өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга З.Энхболд болон Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай уулзаж, чуулганы хуралдааны талаар санал солилцлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай, цаг хугацаанд хүлээгдэж байгаа нэгдсэн төсвийн хуулийн төслөөс гадна Төрөөс баримтлах мөнгөний бодлогын асуудал, тэдгээрийг дагалдаж орж ирсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд бий. Энэ бүхнийг хэлэлцээд явья гэдэг дээр хоёр талдаа ойлголцсон. Тэр тусмаа төсвийн хууль хугацаатай, арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдсан байх ёстой. Тийм учраас улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэж хүлээлгүйгээр яаралтай шийдвэрлээд явья гэж зөвшилцлөө. Тангараг өргөхийн тухайд нэр дэвшигчдийн зүгээс тал талаасаа шүүхэд хандсан байгаа. Холбогдох байгууллагууд нь ярилцаад эцсийн шийдвэрийг гаргана биз. Үүнийг заавал чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд тавьж, чуулганыг гацаагаад яах вэ гэдэг дээр ойлголцож чадлаа. Тийм болохоор манай намын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцоод явахаар боллоо.
-Тэгэхээр Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн үг үү?
-Тийм ээ, хойшилсон.
-Ерөнхийлөгчтэй танай намын удирдлагууд уулзах үеэр бүлэгтэй болгох асуудал хөндөгдөж, энэ талын хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина гэсэн юм билээ. Тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Өнөөдрийн /өчигдөр/ турш бараг энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлага, хуулийн зөвлөхүүдтэй уулзаж, ярилцлаа. Ажлын хэсгийн төвшинд энэ чиглэлээр урьд нь тохиролцсон байсан олон асуудлыг уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгчид мөн танилцуулсан. Надад байгаа мэдээллээр бол Ерөнхийлөгч өнөө маргаашгүй тэрхүү хуулийн төслөө өргөн барих юм гэсэн. Ерөнхийлөгчийг хуулийн төслөө УИХ-д өргөн барингуут УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлууд дунд нь хэлэлцэгдээд явна.
Г.Дарь
Эх сурвалж: Монгол ардын нам
Сэтгэгдэл ( 0 )