Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 Улаанбаатар хотод 6 кг хүрэхгүй жижиг тор нүүрс 1500, зарим газарт 2000 төгрөг. Харин Портер нүүрс 200  гаруй мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Нэг Портер машины тэвшинд 1,2 тн нүүрс ачдаг байна. Гэтэл Багануурын уурхайн аманд жижиг хэрэглэгч буюу иргэдэд очих 1 тн нүүрс ердөө 27 500 төгрөг. Нийслэл хотоос 100-гаадхан кг-ийн цаана байгаа ийм хямд нүүрс Улаанбаатарчуудын зууханд долоо дахин нэмэгдсэн үнээр очиж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Иймд нүүрсний үнийг ялангуяа, иргэдэд очиж байгаа жижиглэнгийн үнийг 2 дахин хямдруулах зорилготой Багануурын уурхайд ажиллаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Багануур” ХК-ийнхантай энэ сарын 23-нд уулзах үеэрээ онцлоод ийм их баялагтайн дээр уурхайн аманд хямд нүүрс байхад иргэд өндөр үнэтэй нүүрс худалдан авч түлж байгаа нь зохион байгуулалт, хүмүүсийн төлөө гэсэн сэтгэл дутсаных гэлээ.

Хэрэглэгчдэд очих нүүрсний үнийг хямдруулах боломж хайж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх Эрчим хүчний яам, Багануурын уурхайхантай  хамтран сарын турш ажилласан байна.

Багануурын уурхай жилд 3,5 сая тн нүүрс олборлож, дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг. Энэ нүүрсний дөнгөж 10 хувь буюу 300 мянган тн нүүрс нийслэлийн иргэдийн өвлийн хэрэгцээнд шаардлагатай байдаг. Энэ нь уурхайн нийт олборлолттой харьцуулахад өчүүхэн бага хувь. Тиймээс Багануурын уурхайд иргэдэд зориулж нүүрс олборлох тусгай мөргөцөг гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгосон бөгөөд энэ хэсэгтэй  Багануурт ажиллах үеэрээ танилцлаа.

Багануурын уурхай өдөрт 172 вагон нүүрс Улаанбаатар хот руу ачуулдаг бөгөөд энэ цувааны 26-д нь иргэдийн нүүрсийг тээвэрлэхээр болж байна. Вагоноос буусан нүүрсийг шуудайлж, амыг нь оёж, портерт ачих ажлыг Толгойт, Амгалан өртөөн дээр хувийн компани хийнэ. Харин иргэдэд хүргэх ажлыг Нийслэлийн удирдлагууд хариуцна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байна.   

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ 14 хоногийн дараанаас авч эхэлнэ гэдгийг уурхайд ажиллахдаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Гэхдээ гологдол ихтэй, нунтаг нүүрс очихгүй, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс байх болно, энэ арга хэмжээг ч хэрхэн зохион байгуулахаа төлөвлөснөө  хэллээ.

Нүүрсээ шуудайлахдаа 40 кг-аар савлах бөгөөд ийм нэг шуудай нүүрсний үнэ хороодод очихдоо 3200 төгрөг байна. 40 кг-аар савласан 25 шуудай нь 1 тн болно. Ингэж тооцвол  нэг тн нүүрсний үнэ 80 мянган төгрөг болж байгаа юм гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх танилцуулаад ингэснээр иргэдэд очиж байгаа нүүрсний үнэ 2,8 дахин хямдарна гэж хэллээ.

Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 126 мянган өрх өдөрт 1764 тн нүүрс түлнэ. Багануурын уурхай иргэдийн хэрэгцээний энэ нүүрсийг өдөрт 26 вагонд ачуулна. Сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард тус уурхай иргэдэд зориулж 338 мянган тн нүүрс бэлтгэх бөгөөд иргэд энэ хугацаанд түлшээр тасрахгүйн дээр хямд нүүрс түлэх боломжтой болж байна. Энэ жил түүхий нүүрсийг иргэддээ хямд үнээр хүргэхэд анхаарч байна, ирэх жилээс утаа багасгахад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.   

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top