Сумын Засаг даргыг иргэдийн сонголтоор сонгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Өнөөдөр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гаргах болсон гэж хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Х.Болорчулуун, О.Бурмаа, Д.Эрдэнэбат нар үзжээ.

Тиймээс зарим иргэн, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавилаа. Энэ асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хууль зүйн хувьд байна гэж Р.Гончигдорж гишүүн мэдэгдэв. Түүнчлэн “Сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох юм. Энэ үндсэн дээр тухайн сумын нийт багуудын иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах, зарчмаар нэр дэвшигчийг тодруулах, тодорсон хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм” гэж хуулийн төсөл өргөн мэдүүлэгч хэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top