Агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын төсөл өргөн баригдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

"Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр /2012.10.24/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь  стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс цаашид улсын эдийн засгийн нэг хөшүүрэг болох агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн  хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын төслийг УИХ-аар батлуулчихвал төр зам, тээврийн тээврийн салбарт баримтлах хоёр дахь том бодлогоо тодорхойлох онцгой ач холбогдолтой гэж  Зам, тээврийн сайд А.Гансүх мэдэгдлээ.

Засгийн газар дээрх хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсруулсан байна. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот, суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй бий болох, салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурах зэрэг үр дүн гарна гэж салбарын сайд мэдэгдсэн.

УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн бас нэг тогтоолын төсөл нь Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоох чиглэл өгсний дагуу Засгийн газар манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай харилцаа тогтоох асуудлыг Нью-Йорк дахь БТГ-аар дамжуулан холбогдох талуудад тавьсан байна. Дипломат харилцаа тогтоох тухай манай саналыг дэмжиж байгаагаа Бүгд Найрамдах Кени улс 2011 оны зургаадугаар сарын 17-ны өдөр илэрхийлжээ. Улмаар өнгөрсөн онд Засгийн газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус зөвшилцөн дэмжсэнээр Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зураад байгаа. Тиймээс Кени улстай дипломат харилцаа тогтоох УИХ-ын тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Засгийн газраас хүслээ.

Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд нийгэм, эдийн засгийн томоохон шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Тиймээс Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын нөөц хөрөнгийг тухайн жилийн төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувь хүртэл хэмжээгээр тусгаж болно” гэсэн агуулгатай 29.3.6 дахь заалт шинээр нэмэхээр Засгийн газар  Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тухайн жилийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувь хүртэл хэмжээ гэдэг нь 2013 оны байдлаар тооцоход 75 хүртэл тэрбум төгрөг юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top