Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ 14 хоногийн дараа авч эхэлнэ гэдгийг уурхайд ажиллахдаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Гэхдээ гологдол ихтэй, нунтаг нүүрс очихгүй, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс байх болно, энэ арга хэмжээг ч хэрхэн зохион байгуулахаа төлөвлөжээ.
Нүүрсээ шуудайлахдаа 40 кг-аар савлах бөгөөд ийм нэг шуудай нүүрсний үнэ хороодод очихдоо 3200 төгрөг байна. 40 кг-аар савласан 25 шуудай нь 1 тн болно. Ингэж тооцвол нэг тн нүүрсний үнэ 80 мянган төгрөг болж байгаа юм гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх танилцуулаад ингэснээр иргэдэд очиж байгаа нүүрсний үнэ 2,8 дахин хямдарна гэж мэдэгжээ.
Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 126 мянган өрх өдөрт 1764 тн нүүрс түлнэ. Багануурын уурхай иргэдийн хэрэгцээний энэ нүүрсийг өдөрт 26 вагонд ачуулна. Сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард тус уурхай иргэдэд зориулж 338 мянган тн нүүрс бэлтгэх бөгөөд иргэд энэ хугацаанд түлшээр тасрахгүйн дээр хямд нүүрс түлэх боломжтой болж байна. Энэ жил түүхий нүүрсийг иргэддээ хямд үнээр хүргэхэд анхаарч байна, ирэх жилээс утаа багасгахад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )