Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Р.Виват өнөөдөр бараалхав.
Тэрээр ДЭМБ-аас манай оронд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулахдаа Монголд архинд донтолтоос шалтгаалсан зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, цус харвалт, хөх, умайн хүзүү, элэгний хавдар зэрэг нь хүн амын дундах өвчин, эндэгдлийн гол шалтгаан болж байгааг хэллээ. Мөн ямарваа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүд байдаг ч хүний амийг авч оддог архины хороос хамгаалах тийм зүйл хараахан олдоогүйг онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс орнуудын удирдагчдыг үлгэрлэн манлайлж “Архигүй Монгол”-ын төлөө уриалга, даян дэлхийд архины хэрэглээний хяналтыг сайжруулах конвенц бий болгох санаачилга гаргасныг ДЭМБ өндөр үнэлж, жил бүрийн тайландаа тусгаж байгаа. Өнөө жилийн тайланд бүр илүү анхаарал татахуйцаар Ерөнхийлөгчийн зургийн хамт уг санаачилгыг оруулсан” хэмээн дуулгалаа.
Ингээд суурин төлөөлөгч ДЭМБ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн олон улсын хэмжээний ач холбогдолтой санаачилга, Архигүй Монгол төлөө хийж буй ажил, хүчин чармайлтыг өндөр үнэлэн “Тусгай өргөмжлөл” илгээснийг Ерөнхийлөгчид гардуулав.
Суурин төлөөлөгч уг шагналыг гардуулж хэлэхдээ “Улс орны удирдагчид иймэрхүү асуудлаар өөр өөрийн манлайллыг олон улсын хэмжээнд үзүүлэх явдал их чухал байдаг. Ер нь архитай тэмцэнэ гэдэг бол өөрийн орны иргэдийн амь насыг аврахын төлөө хийж буй хүмүүнлэг энэрэнгүй тэмцэл юм. Таны санаачилга, тэмцэл бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд чухал ач тусаа өгч, үлгэр дуурайл үзүүлэх болно. Одоо ч ийм үлгэр үзүүлсээр байгаа” гэлээ.
Ерөнхийлөгч өмнө нь олон улсын чуулга уулзалт дээр болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Архины зүй бус хэрэглээний эсрэг хяналт тавих олон улсын конвенцийг Монгол Улс санаачилъя гэдгээ илэрхийлж, санал тавьж байснаа дурдаад, энэ нь ДЭМБ-аас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцтой агаар нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн манай орны шилжилтийн хүнд үед ДЭМБ-аас үзүүлсэн тусламж дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон хэлээд цаашид ч тус байгууллагатай бид санаачилгаа ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллах болно. Санаачилгыг минь үнэлэн дэмжиж буй ДЭМБ-ын ерөнхий захирал ирэх онд Монголд айлчлах гэж байгааг сонсоход таатай байна гэв.
ДЭМБ архи хэрэглэхийн эсрэг тэмцэлд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүст олгохоор энэхүү шагналыг шинээр бий болгожээ. Түүнийг хүртсэн анхны хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж боллоо.
Сэтгэгдэл ( 0 )