Хадгаламжийн баталгааны хуулийг өөрчлөх төсөл дэмжигдсэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй уналаа. Тус хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар боллоо. УИХ эл хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан гэж зарим гишүүд үзлээ.

Учир нь 2009 онд дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал болж, энэ нь банкны салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлснээс Монгол Улсын төвшинд арилжааны хоёр ч банк дампуурсан. Хямралыг даван туулах хүрээнд тухайн үеийн Засгийн газар болон УИХ эрсдлийг бууруулж банкны салбараа авч үлдэх, нөгөөтэйгүүр, иргэдийн хадгаламжийг баталгаатай болгохын тулд банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан.

Дөрвөн жилийн хугацаатай гаргасан төрийн баталгаа 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болно. Тиймээс Засгийн газар  Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан нь энэ бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул Засгийн газар дахин хуулийн төсөл мэдүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top