УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа, цаашид боловсронгуй болгох арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлага, Тамгын газрын хэлтэс албадын дарга, ажилтнууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад ажлын алба буюу Тамгын газар хэрхэн ажиллах талаар ярилцлаа. Хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчдод мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх боловсон хүчнийг чадавхжуулах, дэмжих, бүтцийг оновчтой болгох талаар олон санал гарч байлаа. Ялангуяа УИХ-ын судалгааны алба нь чухал үүрэгтэйг онцлон хууль боловсруулах, хэлэлцэхэд судалгааны бүтээлийг ашиглах, анхааран үзэх эрхзүйн үндсийг тавих, судалгааг шинжилгээг эргэлтэд оруулах, судлаачид хараат бус ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Шинээр батлагдаж байгаа хуулиудад төсвийн шинжилгээг хийх чадварыг бэхжүүлэх, бүтцийг оновчтой боловсронгуй болгох талаар ч анхаарлаа хандууллаа. Мөн Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо зэрэг УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллагаас гаргаж байгаа мэдээлэл, судалгааг УИХ үйл ажиллагаандаа ашиглах, мэдээллийг түргэн шуурхай солилцож байх талаар ч санал гаргасан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )