Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан хуулийн төсөл санаачлагч болоод анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Ингээд анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал олонхийн санал авч чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
“Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийлээ. Таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгох тухай уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн гарган олонхийн дэмжлэг авсан саналыг тусгаснаа ажлын хэсэг танилцуулсан юм. Тогтоолын төсөлд таван тэрбум ам.долларын үнэт цаасны 1.5 тэрбумыг эхний ээлжинд гарган олсон хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ, улсын төсвийн орлогыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк, санхүү зэрэг эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна хэмээн тусгажээ. Ийнхүү танилцуулсны дараа асууж тодруулах гишүүн байгаагүй. Уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )