Багш нарын тэтгэмжийг “таллав”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж түр завсарлага аваад байсан билээ.  Тэгвэл хуралдаан 13:10 цагт эхлэв.

УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард Боловсролын тухай хуулийг баталж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болсон юм. Ингэснээр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум, тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана. Таван жил тутам боловсролын салбарын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулах.  Мөн боловсролын туслах ажилтан гэдгийг томъёолоод сургуулийн нярав, нягтлан, засварчин, тогооч, манаач, үйлчлэгч гээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж дэмждэг бүх хүмүүсийг хамруулан 25 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэртээ гарахад нь 36 сарын хөдөлмөрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж заасан ч төсөвдөө тааруулан бүсээ чангалах болсон юм.

Энэ асуудлаар байнгын хорооны хуралдаанаар бүсээ чангалах, сул тавих эсэхээ хэлэлцэв. Тухайлбал Боловсролын тухай хуулийн 43.4-р заалтыг хасах  саналтай байгаагаа Боловсролын сайд Л.Гантөмөр хэлэв. Энэ заалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай заалт байсан юм. Улмаар энэ саналыг гишүүд дэмжив. Өөрөөр хэлбэл боловсролын салбарынхан өөрсдийнхөө мөнгөөр эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдах боллоо.

 

Харин хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг өөрчлөн найруулахаар боллоо. Ингэснээр “43.1.7” а/ сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх, б/ сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7-гийн а/-д зааснаас бусад багш, туслах багшид 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр гаргасан  зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

УИХ-ын гишүүн А.Бакей: Аливаа асуудлыг хэлэлцэхэд эдийн засгийн тооцоо судалгаа огт хийгдэхгүй байна.  Үүн дээр анхаарах хэрэгтэй.  Асуулт асуухаар тооцоо хийгдээгүй эсвэл мэддэг хүн байхгүй юм хэмээн шүүмжлэл хэлснээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top